Шивээхүрэн боомтын “Морин заг” суурьшлын бүсийг цахилгаан дамжуулах агаарын сүлжээнд холбох ажлыг хийж дуусгалаа.
Тус суурьшлын дэд бүтцийг шийдвэрлэснээр бүс нутгийн хөгжил сэргэлтэд ач холбогдол ихтэй юм. “Морин заг” суурьшлын бүсэд 50 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж, 300 гаруй иргэн суурьшиж байна.
Үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд тав тухтай орчинд үйлчилгээ үзүүлэх боломжгүй өөрийн гэсэн газаргүй байсан юм. Харин 2005 онд Гурвантэс сумын ЗДТГ-аас үйл ажиллагаа явуулж байгаа 12 өрхөд газар шийдвэрлэж өгчээ.
Цар тахлын улмаас зогсонги байдалд байсан уг боомтыг сэргээж, үйл ажиллагааг жигдрүүлэх, тэнд ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сайжруулах зорилгоор 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/04кВ-ын чадалтай дэд өртөө, 0,4кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгууллаа. Цахилгаан дамжуулах агаарын сүлжээнд ийнхүү холбогдсоноор иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөл бүрдлээ.
Тус ажлыг “Умардын эрчим инженеринг” ХХК хурдан шуурхай хийж гүйцэтгэн хүлээлгэн өгчээ. Цаашид уг суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөө, зогсоол, хогийн цэг, сүүдрэвч, нийтийн бие засах газар зэргийг орон нутгийн хөрөнгөөр тохижуулахаар төлөвлөн ажиллаж байна.