Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр: "Монгол улсын их хурлын даргад Монгол улсын засгийн газраас өргөн мэдүүлж байгаа гурван хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Бооцоот төлбөрт тааварт тоглоомын тухай хуулийг тус тус өргөн мэдүүлж, улсын их хурлаар хэлэлцэхээр төлөвлөлөө. 1998 онд казиногийн тухай хуулийг баталж гаргаж байсан ч авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдуулж, хэрэгжиж эхлэхээс өмнө парламентаас уг хуулийг хүчингүй болгож байсан. Казино бол дэлхийн олон оронд цэнгээнт болон аялал жуулчлалын хөтөлбөрт орж явдаг. Тэр утгаараа казиногийн тухай хуулийг баталж, түүгээр дамжсан аялал жуулчлалын урсгалын сайжруулах шаардлагатай байна. Дэлхий нийтийн аялал жуулчлалын болон чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг хамгийн том соёл бол морины соёл. Сонгодог морин уралдааны соёл төдийлөн орж ирээгүй байгаа. Цаашид аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн болгож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх соёл болгож, Монголын Жокей клубийн хууль гэж ойлгож болно. Энэ нэрээр хуулийн нэр томьёог хийсэн байгаа. Дотооддоо спортын уралдаан тэмцээнүүд дээр бооцоо тавьдаг эрх зүйн орчныг бүрдүүлнэ" гэв.