Цаг үеийн мэдээ

Хятад улс энэ сард урьд өмнө нь мөрдөж байсан COVID-19 бодлогоо огцом сулруулсны дараа улс даяар халдварын давлагаа үүссэн байна. Энэ нь гурван жилийн өмнө Ухань хотод тахал эхэлснээс хойш тус улсын хамгийн том дэгдэлт юм. 

Ройтерс агентлагт ярилцлага өгсөн эмч нар ахмад настнуудад хамгийн их санаа зовж байгаагаа илэрхийлжээ, мэргэжилтнүүдийн тооцоолсноор хэдэн арван мянган хүн нас барж болзошгүй байна гэж мэдэгджээ.

Их Британид төвтэй Airfinity эрүүл мэндийн мэдээллийн фирм Хятадад өдөр бүр 5,000 гаруй хүн COVID-19-ийн улмаас нас барж магадгүй гэж тооцоолж байгаа нь тус улсын одоогийн дэгдэлтийн талаарх Бээжингийн албан ёсны мэдээллээс эрс ялгаатай байна.

Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс ням гарагт мэдээлснээр тус өдрийг хүртэл зургаан өдрийн турш эх газарт COVID-19-ийн улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдсэн хэдий ч чандарлах газруудын эрэлт нэмэгдсээр байна.

Хятад улс нас баралтыг COVID-тэй холбоотой гэж ангилах тодорхойлолтоо нарийсгаж, зөвхөн COVID-ээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа, амьсгалын дутагдалд орсон хүмүүсийг тоолж буйд дэлхийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд санал нийлэхгүй байна.

Хятадын Үндэсний Эрүүл Мэндийн Комисс найдвартай эсэхэд эргэлзэж байгаа учраас ням гарагаас эхлэн өдөр тутмын өвчлөлийн мэдээллийг гаргахаа зогсоожээ.  

Шанхай хотын ойролцоох аж үйлдвэрийн томоохон муж болох Хятадын Жэжян хотод өдөр бүр нэг сая орчим шинэ COVID-19 халдвар бүртгэгдэж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд энэ тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна гэж мужийн захиргааны газар ням гарагт мэдэгдсэн байна. Гэвч, арванхоёрдугаар сарын 23-ны байдлаар албан ёсны мэдээллээр БНХАУ-д нийт 4103 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.  Энэхүү тоон зөрүү нь засгийн газрын мэдээлэл үнэн зөв биш, Хятад улс COVID-19 бодлогоо зөөлрүүлснээс хойш асар их сорилттой тулгарч байгааг харуулж байна.

Эх сурвалж: CNA, Euronews

Таны сурталчилгаа