Цаг үеийн мэдээ

Умард Солонгосын таван дрон Өмнөд Солонгосын агаарын хил рүү даваа гарагт 10:30 цагийн үед нэвтэрснийг Өмнөдийн армийн эх сурвалж мэдээлжээ. Зөвшөөрөлгүй агаарын хил нэвтэрсэн дронууд руу Өмнөд Солонгосын арми галласан ч нэгийг нь ч оноогүй байна. Мөн Сөүлээс байлдааны нисэх онгоцнууд, нисдэг тэргүүдийг дронуудыг устгуулахаар илгээжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Умард Солонгосын дронууд Өмнөд Солонгосын Кёнги мужийн нутаг дэвсгэрийн ойролцоо харагдсан байна. Нэг дрон нийслэл Сөүл хотыг чиглэсэн замаар нисч байгаад буцжээ. Нисдэг тэрэг болон байлдааны онгоцнууд тэдгээр дронуудыг устгахаар зуу гаруй удаа гал нээсэн байна. 

Өмнөд Солонгосын КА-1 онгоц дронуудыг хөөж байгаад осолдсон ч хоёр нисгэгч эсэн мэнд үлджээ. Уг онгоц Сөүлийн зүүн талд Хёнсён хотын ойролцоо унасан байна. Умард Солонгосын дронууд хууль бусаар хил нэвтэрсний улмаас Инчон болон Гимпо нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагааг цагийн турш зогсоожээ. 

Хамгийн сүүлд одоогоос таван жилийн өмнө 2017 оны зургаадугаар сард Умард Солонгосын дрон Өмнөдийн агаарын хилийг давж байжээ. Тухайн үед хоёр Солонгосын харилцаа хамгийн хурцадмал түвшинд яригдаж байсан юм. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа