Саратов муж дахь Энгельсийн нэрэмжит стратегийн нисэх онгоцны буудалд сүүлийн нэг сарын дотор хоёр дахь удаагаа нисгэгчгүй онгоц ашиглан халдлага үйлдлээ гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ. Халдлагын үеэр цэргийн гурван албан хаагч амиа алдсан ба Украины тал одоог хүртэл нөхцөл байдлын талаар тайлбар хийгээгүй байна.
Даваа гарагийн шөнө Оросын Агаарын сансрын хүчний бааз байрладаг Энгельс хотын нисэх буудлын ойролцоо дэлбэрэлт болсон тухай гэрчүүд мэдээлсэн. Нээлттэй мэдээллээр стратегийн алсын тусгалын бөмбөгдөгч Ту-160 болон Ту-95МС тус баазад байрладаг байна.
Өглөө нь Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдэл нийтлэгдсэн бөгөөд уг мэдээллийн дагуу нисэх буудлын дээгүүр нисэж байсан Украины дроныг буудаж унагасан байна.
“Арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Москвагийн цагаар 01:35 цагийн орчимд Украины нисгэгчгүй онгоц Саратов муж дахь Энгельс цэргийн нисэх онгоцны буудал руу бага өндөрт нисэж ойртож байх үед буудаж унагасан” гэж Оросын Агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн мэдэгдлээ.
Нисэх онгоцны буудалд байсан Оросын гурван техникийн алба хаагч нисгэгчгүй онгоцны хэлтэрхий унасны улмаас нас барсан гэж Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Мөн нисэх техникт гэмтэл гараагүй гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээллээ.
Энэ нь Энгельс дэх стратегийн нисэхийн баазад сүүлийн нэг сарын дотор хоёр дахь удаагийн халдлага болж байна. Энгельс дэх нисэх бааз нь Украинд пуужингийн довтолгоо хийхэд нэг бус удаа ашиглагдсан бааз юм.
Эх сурвалж: BBC