Тайвань Хятад улсаас заналхийлж буйтай холбогдуулан цэргийн алба хаах хугацаагаа дөрвөн сараас нэг жил болгон сунгаснаа мягмар гарагт зарлалаа.
Бээжингийн эрх баригчид ардчилсан засаглалтай Тайванийг шаардлагатай бол хэзээ нэгэн цагт хүчээр нэгтгэн авах газар нутгийнхаа нэг хэсэг гэж үздэг ба тус арал нь Хятадын дайралтаас байнгын айдастай амьдарч байна. Сүүлийн жилүүдэд Орос Украиныг түрэмгийлсэн нь Тайваний арлыг өөртөө нэгтгэх ижил үйлдэл хийх вий гэсэн болгоомжлолыг улам гүнзгийрүүлж байна.
“Хятад улс Тайванийг айлган сүрдүүлж, заналхийлж байгаа нь улам тодорхой болж байна" гэж ерөнхийлөгч Цай Ин Вэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
"Хэн ч дайныг хүсэхгүй ... гэхдээ элэг нэгтнүүд минь, энх тайван тэнгэрээс буухгүй". "Одоогийн дөрвөн сарын цэргийн алба байнга өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөл байдалд хангалтгүй" гэж тэрээр нэмж хэлжээ. "Бид 2024 оноос эхлэн нэг жилийн цэргийн албыг сэргээхээр шийдсэн, энэ нь 2005 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн эрэгтэйчүүдэд хамаарна гэж Цай хэлсэн байна.
Даваа гарагт Хятадын 43 онгоц Тайваний агаарын хилийн хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн билээ. Мөн наймдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайбэйд айлчилсны дараа Хятад улс Тайванийн ойролцоо цэргийн сургуулилт зохион байгуулсан юм.
Эх сурвалж: CNA