Цаг үеийн мэдээ

Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2022.12.28) хуралдаан 11 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий "Ажлын хэсэг байгуулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Х.Ганхуяг, Т.Доржханд, М.Оюунчимэг нар ажиллахаар болов.

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг ажлын хэсгийн танилцуулгыг хийв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүнээс 2016 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Тус Байнгын хороо нь 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар тогтоолоор хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцагаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Т.Амартүвшин, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.

Ажлын хэсэг Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулах хэлбэрийг төрөлжүүлж, тодорхойлох зэрэг чиглэлээр зарчмын зөрүүтэй нийт 33 саналын томьёолол бэлтгэжээ. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын банк нь дунд, урт хугацааны төсөл, хөтөлбөрийг тогтвортой санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн банк байх нь зүйтэй гэж үзсэн байна. Банкны тухай хуулиар үйл ажиллагааг нь зохицуулах банк болон Хөрөнгө оруулалтын банкны хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдах хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг давхардуулан эрхлэхгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Банкны тухай болон Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн тус тусын бүрэн эрхийн хүрээнд олгох нь оновчтой гэж ажлын хэсэг үзсэн байна. Мөн тус банкны хориглох үйл ажиллагааны хүрээг тодорхойлжээ. Үүнд, мөнгөн хадгаламж, хүү төлөх нөхцөлтэй харилцах данс нээх, түүнтэй адилтгах байдлаар хөрөнгийн эх үүсвэр төвлөрүүлэх, салбар, хараат болон охин компани байгуулах, Монгол Улсын банк, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хувьцаа, үнэт цаасыг худалдан авахыг хориглох зохицуулалтыг төсөлд тусгахаар саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна. Мөн гадаад улсын төрийн өмчит хуулийн этгээд, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн 33 ба түүнээс дээш хувийг эзэмших тохиолдолд Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан зөвшөөрлийг холбогдох төрийн эрх бүхий байгууллагаас авах зохицуулалтыг төсөлд тусгахаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Цэрэнпунцаг танилцуулав.

Дээрх танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Түүнчлэн ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Хуралдаанаар үргэлжлүүлэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулав.

Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас боловсруулж, өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2022 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Ажлын хэсэг хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг болон хуулийн нэр томьёо, найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуралдаан даргалагч хуулийн төслүүдийн зарим хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах, төслүүдийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулах чиглэл өгсний дагуу ажлын хэсэг 2022 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу төслүүдэд гарах саналыг бэлтгэн томьёолжээ.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуягийн танилцуулсан дээрх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв.

Ийнхүү Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль, тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг энэ хуулийн 39, 40, 41, 42, 43, 44 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцэн баталж болно” хэмээн заасан байдаг бөгөөд энэ дагуу Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулжээ. Хуралдаанд оролцсон гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.   

Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийн 2022 оны арван хоёрдугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар О.Цогтгэрэл гишүүн танилцууллаа.

"Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна" гэж, мөн "төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална" гэж 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуульд тусгасан. Хувийн өмчийг эрхэмлэсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байх нийгмийн гэрээг батлан нийтээрээ дагаж эхэлсэн. Ингэснээр төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх олон улсын нийтлэг зарчим руу шилжсэн. Харин 2021 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр баталсан “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын I хавсралт болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 6.4-т “Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулна” гэж, уг баримт бичгийн II хавсралт “Шинэ сэргэлтийн бодлогo"-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 6.4.5-д төр хувийн хэвшилтэй өрсөлдөж үйл ажиллагаа эрхлэхгүй, зөвхөн стратегийн ач холбогдол бүхий салбарт, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор, мөн төрөөс үнэ тарифын зохицуулалт хийдэг, хувийн салбар дангаараа эрхлэх боломжгүй, нийтийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй эрхлэх үйл ажиллагааны чиглэлд компани байгуулдаг байх, бизнесийн үйл ажиллагааны удирдлагад хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх байдлыг хязгаарлаж, бизнесийн шийдвэр нь улс төрийн нөлөөллөөс ангид байх, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулж, нээлттэй хувьцаат компани болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр, үүний үр дүнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн засаглал сайжрах, ил тод байдал хангагдах, ашигтай ажиллах нөхцөл бүрдсэн байхаар тусгажээ.

Гэвч эдийн засгийг зохицуулах чиг үүрэг бүхий байгууллагууд харьяандаа аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг олноор үүсгэн байгуулах явдал ихэссэн гэж төсөл санаачлагч илтгэлдээ тэмдэглэв. Үндэсний статистикийн газрын мэдээлж байгаагаар бизнес регистрийн бүртгэлтэй төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн тоо 2014 онд 4500 байсан бол 2021 онд 5400 болсон. Нарийвчилбал, 2014 оны байдлаар төрийн өмчит орон нутгийн өмчит газрын тоо 261 байсан бол энэ онд 386 болж, төсвийн байгууллагын тоо 3900-аас 4700 болж өсжээ. Хувийн хэвшлийн гүйцэтгэх бүрэн боломжтой ажил үйлчилгээг төрийн зүгээс давхардуулан, аж ахуйн үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн үүсгэн байгуулж буй нь өөртөө илт давуу байдлыг бий болгож, өрсөлдөөний тэгш байдлыг үүсгэх зүй бус үр дагавартайг төслийн танилцуулгад онцолжээ. Төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудын дийлэнх олох нь алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд энэ нь эргээд улсын төсөвт дарамт үзүүлж байдгийг мөн дурдсан. Эдгээр үндэслэл, шаардлагын улмаас “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн үйл ажиллагааг хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.  

Дараа нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2022 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан юм.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг баталсантай холбогдуулан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд экспортод гаргах нүүрсийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн цахим системээр дамжуулан арилжаалах нөхцөлийг бүрдүүлэх, экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаатай холбогдох харилцааг зохицуулсан журмыг баталж, мөрдүүлэх, биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг баталж, шаардлагатай дэд бүтцийг бий болгох зэрэг зохицуулалтыг тусгасан “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн санаачлан боловсруулжээ.

Ж.Бат-Эрдэнэ гишүүний танилцуулсан төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням, С.Чинзориг, Д.Батлут нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсан. Төслийн хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс Улсын Их Хурлын дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Таны сурталчилгаа