Цаг үеийн мэдээ

Австралийн Баруун Австрали мужийн алслагдсан нутагт автомашин осолдож гурван хүүхдийн хамт явсан хос амь эрсэджээ. Ослын үеэр 25 настай Синди Брэддок болон 28 настай Жэк Дэй нар амиа алдсан ч тэдний таван настай болон нэг, хоёр ойтой гурван хүүхэд эсэн мэнд үлдсэн байна.

Гэвч осол болсноос хойш хоёр хоногийн турш хүүхдүүдийг аврахаар хэн нэгэн ирээгүй байна. Тэр хугацаанд цаг агаар хэт халж, хүүхдүүд машин дотроос гарч чадалгүй амь эрсдэж болзошгүй байсан ч таван настай охин ойтой бага дүүгээ хүүхдийн суудлаас нь буулгаснаар амийг нь аварчээ. 

Осол гарснаас хойш 55 цагийн дараа цагдаа нар машиныг олж хүүхдүүдийг аварсан байна. Цельсийн +30 хэмийн халуунд шингэний дутагдалд орсон хүүхдүүдийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэд ослын үеэр амь насанд халтай хүнд бэртэл аваагүй гэдгийг мэдээлжээ.

Хэрэв таван настай охин бага дүүгээ машин дахь хүүхдийн суудлаас нь буулгаагүй бол хэт халуунд амиа алдах эрсдэлтэй байсан гэдгийг цагдаа нар мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: CNN

 

Таны сурталчилгаа