Энэ сарын 1-ний шөнө Украины Зэвсэгт хүчнийхэн Оросын цэргийн албан хаагчид байрлаж байсан Донецк мужийн Макеевка хотын мэргэжлийн сургуулийн барилга руу пуужингаар довтолжээ. Энэ тухай мэдээлэл анх Оросын цэргийн сурвалжлагчдын телеграм сувгууд дээр гарчээ. Урьдчилсан мэдээллээр буудлагад өртөн олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй хэмээн мэдээлсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр 63 хүн нас барсан тухай мэдээлжээ.
Харин Украины Зэвсэгт хүчний Стратегийн харилцаа холбооны газар тус мэргэжлийн сургуулийн барилгад дайчлагдсан орос цэргүүдээс 400 орчим хүн амь үрэгдэж, 300 орчим хүн шархадсан гэж мэдэгдсэн байна.
Оросын эх сурвалжуудын мэдээлснээр “Бүгд Найрамдах Донецк Ард Улсын Макеевка суурин дахь Оросын зэвсэгт хүчний ангиудын түр байрлах цэгийг АНУ-д үйлдвэрлэсэн HIMARS олон пуужингийн системийн зургаан пуужингаар цохилт өглөө. Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем хоёр HIMARS пуужинг сөнөөсөн. Түр байрлах цэгт дөрвөн пуужин байгаа онож Оросын 63 цэргийн албан хаагч амиа алджээ. Амиа алдсан цэргийн алба хаагчдын төрөл төрөгсөд, ойр дотнынхонд шаардлагатай бүх тусламж, дэмжлэгийг үзүүлнэ” гэж мэдээлжээ.
Орон нутгийн иргэд яг 00:01 цагт цохилт өгсөн гэж мэдээлж байна.
Оросын цэргийн талыг дэмжигч Царьград телеграм суваг "зуу зуун хүн" амиа алдсан гэж мэдээлжээ. Оросыг дэмжигч "Operational Reports" суваг 500 хүн нас барсан гэж мэдээлсэн байна. Оросын цэргийн блогч дайныг сурвалжлагч Борис Рожин (Colonel Cassad) амь үрэгдэгсдийн тоог "их хэмжээний" гэж нэрлээд, "нэгдүгээр сарын 1-ний орой нурсан газрыг цэвэрлэсээр байна" гэж бичжээ.
Эх сурвалж: Настоящее время