Япон, Умард Америк зэрэг дэлхийн зарим хэсэгт урьд өмнө тохиолдож байгаагүй хур тунадас ихтэй хүйтэн өвөл болж байгаа ч Европын улсуудад эсрэгээрээ хамгийн халуун дулаан өвлийн улирал тохиож байгаа ажээ. Европ тивийн найман оронд цаг агаар өмнөх жилүүдийн дунджаас дээгүүр буюу өвлийн улиралд хамгийн дулаан өдрүүд үргэлжилж байна.
Тухайлбал Польшийн нийслэл Варшав хотод өнгөрөгч ням гарагт цельсийн 18,9 хэмийн дулаан, Испанийн Билбаод 25,1 хэмийн дулаан өдрүүд бүртгэгджээ. Түүнчлэн Нидерланд, Лихтенштейн, Литва, Латви, Чех, Дани, Беларусь улсуудад өвлийн хамгийн халуун өдрүүд тохиосон байна.
Швейцар улсад агаарын температур цельсийн 20 хэмд хүрснээр цанын баазуудын цас хайлж хүндрэл учруулж байгаа ажээ. Гэхдээ Европын бүх улсад дулаан өвөл айлчлаагүй. Скандиновын зарим хэсэг, Оросын нийслэл Москвад цельсийн -20 хэм хүртэл хүйтэрч байна.
Эх сурвалж: ВВС