Marvel-н супер баатар Hawkeye дүрээр олонд танигдсан жүжигчин Жереми Реннер гэрийнхээ гадаах цасыг цэвэрлэж байгаад бэртэл авчээ. Тэрээр 2 удаа хагалгаанд орсон ба эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ч биеийн байдал нь маш хүнд байгаа аж. Тэрээр Невада мужийн Рино хотын ойролцоох эдлэн газартаа цас цэвэрлэж байхдаа бэртсэн байна.
Жүжигчний хэвлэлийн төлөөлөгч 51 настай Реннерийг ням гарагт нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн бөгөөд түүнд шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлж байгаа тухай мэдээлжээ.
Реннер цээжиндээ битүү гэмтэл, зөөлөн эдийн гэмтэл авсан бөгөөд одоог хүртэл эрчимт эмчилгээнд байгаа ажээ.
Даваа гарагт болсон явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг алдартнуудын портал TMZ нийтэлжээ. Реннерийн хөршүүд сэтгүүлчдэд мэдээлснээр тэрээр хүчтэй цасан шуурганы дараа байшингийнхаа ойролцоох замыг цэвэрлэж байжээ.
Цас цэвэрлэхийн тулд тэрээр цанын замыг бэлтгэх зориулалттай ратрак гэж нэрлэгдэх машин ашигласан байна. Хөршүүдийнх нь хэлснээр, уг цас цэвэрлэгч санамсаргүйгээр жүжигчний хөлийг дайрчээ. Үүний үр дүнд тэрээр маш их цус алдаж, бусад гэмтэл авсан байна. Түүний хөршүүдийн нэг болох эмч хамгийн түрүүнд Реннерт тусламж үзүүлж, түргэний эмч нарыг ирэхээс өмнө хөлөнд нь боолт тавьжээ.
Жереми Реннер Marvel Cinematic Universe супер баатрын цуврал киноны Hawkeye дүрээрээ алдартай. Тэрээр мөн American Hustle, Mission Impossible: Ghost Protocol", "The Bourne Evolution" зэрэг кинонд тоглосон. Мөн "The Hurt Locker" киноны шилдэг эрэгтэй гол дүрийн төрөлд Оскарт нэр дэвшиж байжээ.
Реннер мөн "The town" кинонд тоглосон дүрээрээ Оскарын шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналд нэр дэвшиж байсан юм.
Тэрээр одоогоор “Paramount+”-н цуврал “The Mayor of Kingstown” кинонд тоглож, “The Bow of Glass: Knives Out” кинонд дүрд тоглоод байгаа юм.
Эх сурвалж: BBC