Цаг үеийн мэдээ

Бразил улсад өнгөрсөн аравдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар 67 настай Ерөнхийлөгч асан Жаир Болсонару ялагдал хүлээж зүүнтний үзэл баримтлагч Ерөнхийлөгч асан Лула да Силва ялалт байгуулсан билээ. Шинэ төрийн тэргүүний тангараг өргөх ёслолд барууны үзэл баримтлагч Болсонару өмнөх Ерөнхийлөгчийн хувиар оролцох ёстой байсан ч ёслолоос хоёр хоногийн өмнө буюу өнгөрсөн долоо хоногт АНУ руу ниссэн юм. Болсонаруг Флоридад амьдарч байгаа гэж эх сурвалжууд мэдээлсэн.

Болсонаругийн дэмжигчид өнгөрсөн амралтын өдөр нийслэл Бразилиа хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан хийлээ. Жагсагчид Конгрессын танхим болон Дээд шүүхийн байр луу дайран орсон байна. Аюулгүйн хүчнийхэн болон цагдаа нар Ерөнхийлөгчийн ордныг тойрсон жагсагчид руу нулимс асгаруулагч цацаж, нөхцөл байдлыг хяналтдаа авчээ. 

Болсонаруг дэмжигчид өнгөрсөн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Лулаг албан тушаалаас нь огцруулахад цэрэг армийн оролцоог хүсэн жагссан байна. Тус улсын Хууль зүйн яамны мэдээлснээр 200 гаруй жагсагчийг баривчилж, жагсагчдыг зөөж хотын төвд буулгаж байсан 40 орчим автобусыг зогсоожээ.

Шинээр сонгогдож тангаргаа өргөөд удаагүй ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч буй Ерөнхийлөгч Лула жагсагчдыг зэмлэн буруутгаж, Конгрессын танхим руу дайрсан этгээдүүдэд ял шийтгэл оноох ёстой хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрээр хотын төвд 24 цагийн турш хөл хөдөлгөөн хязгаарлах зарлиг гаргажээ.

Харин суудлаасаа буусан Болсонару жагсаал тэмцэл эхэлснээс хойш зургаан цагийн дараа мэдэгдэл хийсэн байна. Тэрээр жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн хүчний байгууллагуудын үйл ажиллагааг зэмлэн буруутгажээ. Ард иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар явагдаж буй жагсаал цуглаан бол ардчилсан улсын хувьд эрүүл үзэгдэл байх ёстой, түүнийг хүчээр дарах ёсгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа