Цаг үеийн мэдээ

Орос болон Украины талууд ням гарагт нийт 100 цэрэг харилцан солилцсон тухай CNN агентлаг мэдээлжээ. Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр энхийн хэлэлцээрийн үр дүнд Украины талд баригдаад байсан Оросын 50 цэрэг эх орондоо эргэн ирсэн байна. 

Украины Ерөнхийлөгчийн ажлын алба мөн уг солилцоог баталсан бөгөөд Оросын талд баригдаад байсан Украины 50 цэрэг гэртээ ирснийг мэдэгджээ. Володимир Зеленськийн ажлын албаны дарга Андрей Ермак Чернобылийн цөмийн цахилгаан станц, Мариуполь, Донецк, Херсон, Киев болон бусад газруудыг хамгаалж байгаад баригдсан залуусаа буцааж авчирсан тухай мэдээлсэн байна. 

Мөн тэрээр энэ удаагийн солилцоо сүүлчийнх биш бөгөөд үлдсэн хүмүүсээ ч буцааж авчрах зорилготой байгаа гэжээ. Оросын цэргүүд Украины нутагт дайран орсноос хойш 11 сарын хугацаанд талууд нийт 36 удаа барьцааны иргэд болон цэргүүдийг солилцсон байна. Эдгээр солилцооны үр дүнд Украины 1,646 хүн эх нутагтаа буцжээ. 

Эх сурвалж: CNN

 

Таны сурталчилгаа