Энэтхэгийн цагдаа нар онгоцонд нисэж байсан эмэгтэй өөр дээр нь үл таних эрэгтэй шээсэн тухай гомдол мэдүүлсний дараа буруутай этгээдийг баривчлан саатуулжээ.
АНУ-ын Нью-Йоркоос хөөрсөн Air India компанийн онгоц Шинэ Делиг чиглэсэн ч замдаа Бенгалуру хотын нисэх буудалд газардсаны дараа Санкар Мишра гэгчийг цагдаа нар баривчилсан байна. Цагдаа нар түүнийг Шинэ Дели хотын цагдаагийн газарт аваачжээ.
Орон нутгийн хэвлэлүүдэд нийтэлснээр Мишра цагдаад өгсөн мэдүүлэгтээ өөрийгөө их согтсон байсан, хийсэн үйлдэлдээ итгэхгүй байгаагаа хэлсэн байна. Шинэ Делигийн шүүх балмад үйлдэл гаргасан этгээдийг 14 хоногийн турш саатуулж, хэргийг нь мөрдөн шалгахаар болжээ.
Хэрэв онгоцон дотор согтуурсан этгээдийг санаатайгаар эмэгтэй хүн дээр шээсэн гэм буруутай гэж үзвэл гурван жил хүртэл хугацаанд хорих ялаар шийтгэх юм байна. Онгоцонд байсан өөр нэг зорчигчийн яриагаар тэр Мишраг согтууруулах ундааг онц их хэмжээгээр ууж байхыг харжээ. Мөн тааламжгүй, үл ойлгогдох байдлаар ярьж нэг зүйлээ олон удаа давтан асууж байсан гэжээ.
Энэтхэгийн агаарын тээврийн хуулинд онгоцонд зориулалтын бус газар бие зассан болон зорчигчдын тав тухыг алдагдуулсан энэ мэт үйлдэл гаргасан зорчигчдыг багадаа гурван сар, цаашлаад хоёр жил хүртэл хугацаанд онгоцоор нисэхийг хориглох нэмэлт өөрчлөлтийг 2017 онд хийжээ.
Эх сурвалж: Al Jazeera