Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Лула да Силваг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Бразилын нийслэл Бразилиа хотод болж, жагсагчид Дээд шүүх болон Конгрессын байр луу дайран орсон. Иргэдийн эсэргүүцлийн жагсаалыг хүчний байгууллагынхан намжаахыг оролдож, одоогоор 1,500 орчим жагсагчийг баривчлан саатуулсан гэж мэдээлжээ.
Шинэ оны босгон дээр тангаргаа өргөсөн Ерөнхийлөгч Лула иргэдийн жагсаалыг террорист халдлага гэж зэмлэн буруутгаж, өдөөн хатгагчдыг хүндээр шийтгэх ёстой хэмээн мэдэгдсэн юм. Жагсагчид шинэ төрийн тэргүүнийг огцрохыг шаардаж, өмнөх Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ.
Тангараг өргөх ёслолоос 48 цагийн өмнө АНУ-ын Флорида руу ниссэн экс Ерөнхийлөгч жагсаалыг хүчээр намжаасан явдлыг ардчилал эрх чөлөөний үндсэн зарчимд тэрсэлсэн явдал боллоо гэдгийг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Түүнийг 2018 онд улс төрийн жагсаалын үеэр бусдад хутгалуулсан хэвлий дэх шархнаасаа болоод 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш эмнэлэгт байгаа гэдгийг эхнэр нь Инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдээд байна.
Даваа гарагийн өглөөний байдлаар Бразилиа хотод зэвсэглэсэн армийн офицерууд хамгаалалтад гарсан байдалтай, Болсонаруг дэмжигчдийн хуаранг тарааж эхэлжээ. Мөн Ерөнхийлөгчийн ордонд жагсагчдын тарьсан хогийг цэвэрлэж, хагарч бутарсан шилийг зөөж, угаалга цэвэрлэгээ хийж эхэлсэн байна.
Эх сурвалж: ВВС