АНУ-ын Виржиниа мужид зургаан настай сурагч охин ээжийнхээ хууль бусаар худалдаж авсан гар буугаар багшийнхаа ар нуруу руу буудсан хэрэг гарсныг цагдаа нар даваа гарагт олон нийтэд мэдээлжээ.
Ньюпорт Ньюс хотын бага сургуулийн багш 25 настай Абби Звернерийг хичээл орж байхад нь өнгөрсөн баасан гарагт сурагч охин буудсан байна. Охин санаатайгаар багш руугаа гал нээсэн гэж үзэж байгаа юм. Звернер хүндээр шархадсан ч тусламж дуудахын өмнө бусад сурагчдынхаа аюулгүй байдлыг хамгаалж ангиас бүрэн гаргажээ.
Хатагтай Звернерийн биеийн байдал тогтвортой, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Цагдаагийн газрын удирдлагууд түүний хийсэн үйлдэл баатарлаг байсныг сайшаан магтжээ.
Цагдаагийн газарт орон нутгийн цагаар 14:00 цагт дуудлага ирсний дагуу очиход сурагч охиныг сургуулийн ажилтан саатуулсан байсан аж. Сурагчийн ширээн дээрээс 9 мм-ийн Таурус гар бууг олжээ. Уг бууг охины ээж хууль бусаар худалдаж авсныхаа дараа гэртээ хадгалж байсан байна. Хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа аж.
Хэрэг гарсан сургууль металл илрүүлэгчтэй боловч 550 сурагчийг бүгдийг нь бус гэнэтийн байдлаар цөөн сурагчдыг шалгадаг байна.
Эх сурвалж: ВВС