Цаг үеийн мэдээ

Халдварт Өвчний Үндэсний Төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа энэ үеэр "2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог буюу "Улбар шар" түвшинд хүрсэн байна. Уг өвчин сүүлийн гурван долоо хоногт нэмэгдэж байна.

Томуугийн өвчлөлийг үүсгэж байгаа вируст В, А, H1N1. А хүрээний вирус илүү голлож байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 30 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа нь өнгөрсөн долоо хоногийнхоос зургаан хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 72 хувь, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 85 хувь, сэхээнд байгаа хүүхдүүдийн 76 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна.

Томуу, томуу төст өвчний үед хэрэглэх 619 орыг нэмэлтээр дэлгэсэн. Үүнээс 407 нь Улаанбаатарт, 212 нь орон нутагт байна.

Өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн томуугийн дархлаажуулалт Улаанбаатарт 78 хувь орон нутагт 87, улсын хэмжээнд 82 хувьд хүрсэн. Томуугийн вакциныг тав хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэй, 65-аас дээш насныхан, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, бусад байгууллагын ажилтнуудад хийж байгаа юм. Үүнээс хүүхдийн хамрагдалт 99 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийнх 19, 65-аас дээш насныхан 74 хувь, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудынх 85 хувьтай байна.

ХӨСҮТ-д 211 хүүхэд томуу, томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдлын хувьд маш хүнд хүүхэд байхгүй, 7 хувь хүнд, 30 хувь нь дунд, 60 хувь хүндэвтэр ангилалтай.

Дэлхий нийтэд томуугийн AH3N2 вирус давамгайлж байна. БНХАУ-д AH3N2, B, БНСУ-д AH3N2, Японд AH3N2, А, ОХУ-д AH3N2, AH1N1, B  хүрээний вирус давамгайлан эргэлдэж байгаа мэдээлэлтэй" хэмээлээ. 

Таны сурталчилгаа