Цаг үеийн мэдээ

БНХАУ удаан хугацааны хөл хорионы дараа хилээ нээсэн ч халдварын тархалт их байгаа тул зарим улс орнууд Хятадаас ирж буй зорчигчдод хатуу шаардлага тавих, хүлээж авахгүй байх зэргээр халдвараас сэргийлж буйгаа мэдэгдсэн. Гэвч энэ нь ялгаварлан гадуурхсан үйлдэл хэмээн Бээжингээс эрс шүүмжлэн тэдгээр улс орнуудыг зэмлэн буруутгаад байгаа юм.

Бээжин Өмнөд Солонгос болон Япон улсуудын шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн дээрх улс орнуудын иргэдэд богино хугацааны виз олгохоо зогсоосон байна. Хятадын эсрэг тавьж буй хориг арга хэмжээгээ цуцлах хүртэл уг шийдвэр хэрэгжинэ гэдгийг Бээжин мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгос улсын Засгийн газар Хятадаас ирж буй иргэдэд аяллын виз олгохыг хориглох шийдвэр гаргасан байна. Хятадын Гадаад хэргийн яам үүнийг байж боломгүй, шинжлэх ухааны үндэслэлгүй үйлдэл гэж үзсэн. Түүнчлэн Токиогийн зүгээс Хятадаас ирж буй зорчигчдоос ковидын шинжилгээний сөрөг хариу шаардаж байгаа аж. 

Их Британи, АНУ ч Хятадаас ирж буй зорчигчдоос шинжилгээний сөрөг хариу шаардаж байгаа боловч Японы зарим хотууд Хятадаас нислэг хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ. Өмнөд Солонгосын Халдварт өвчинд хяналт тавих, сэргийлэх газрын мэдээлснээр Хятадаас ирж буй иргэдийн 1/3 нь ковидын халдвар авсан байна. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа