ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд ажиллагаа явуулж байгаа цэргийн командлагчийг гурван сарын өмнө шинээр томилсон ч дахин сольж буйг эх сурвалж мэдээлжээ. Украин дахь цэргийн ажиллагааг командалж байсан генерал Сергей Суровикиныг ерөнхий штабын дарга генерал Валерий Герасимовоор сольсон байна.
Ойрын саруудад Украины зүүн бүсэд Оросын тал багагүй гарз хохирол амссаны дараа Ерөнхийлөгч Путин штабын даргыг Украин дахь цэргийн ажиллагааг удирдах шинэ командлагчаар томилжээ.
Генерал Герасимов нь 2012 оноос хойш ерөнхий штабын даргаар ажиллаж байгаа бөгөөд зөвлөлтийн систем задарснаас хойш тус албыг хамгийн удаан хашсан эрхэм юм. Генерал Суровикин ерөнхий штабын дэд дарга бөгөөд Сирийн Алеппо хотод явуулсан цэрэг дайны ажиллагааг удирдаж байсан туршлагатай.
Армагеддон хочтой Суровикиныг өнгөрсөн жилийн аравдугаар сард Украин дахь дайны ажиллагааг удирдаж эхэлсний дараа эрчим хүчний дэд бүтэц рүү Оросын цэргүүд довтолж олон сая иргэн гэрэл цахилгаан, ундны усны хомсдолд орсон юм. Мөн Херсон хотоос цэргээ татсан нь украинчуудад илт давуу байдал үүсгэжээ.
Цэргийн шинжээч Роб Лигийн бичсэнээр Суровикин Украины эсрэг ажиллагааг удирдсанаас хойш Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон Герасимовыг тойрч, Ерөнхийлөгч Путинтай шууд харьцах хэмжээнд эрх мэдлийн хүрээгээ тэлсэн байна.
Эх сурвалж: ВВС