Афганистаны нийслэл Кабул хот дахь Гадаад хэргийн яамны гадаа амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн байна. Амиа золиослогчийн халдлагын улмаас багадаа таван иргэн амиа алджээ. Зарим эх сурвалжууд амь үрэгдсэн иргэдийн тоо 20 давсан гэж мэдээлж байна.
Уг халдлагыг Афганистан дахь Исламын улс зэвсэгт бүлэг үйлдсэнээ баталжээ. Амиа золиослогч лхагва гарагийн 16:00 цагт Гадаад хэргийн яамны байр луу орохыг завдсан ч чадаагүй байна. Яамны гадаа зогсож байсан жолооч үл таних эрэгтэй өөрийгөө дэлбэлэхийг харсан тухайгаа мэдээлжээ.
Барилга дэлбэрэлтийн улмаас ноцтой гарз хохирол амсаагүй гэж мэдээлж байгаа ч ойролцоох Дотоод хэргийн яамны барилгын цонх дэлбэрэлтийн үеэр хагарчээ. Хүний эрхийн байгууллагууд халдлагын үеэр 50 орчим хүн гэмтэж шархадсан гэжээ.
Исламын улсын Телеграм дахь мэдэгдэлдээ амиа алдсан хүмүүсийн дунд дипломат албаны хэд хэдэн албан хаагч байсныг дурджээ. Дэлбэрэлт болох үед Хятадын төлөөлөгч яамны байранд байсан бөгөөд Хятадын Гадаад хэргийн яамнаас халдлагыг зэмлэн буруутгаж, Афганистаны Засгийн газар нутаг дэвсгэрт нь байгаа бүх улсын иргэдийг хамгаална гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: ВВС