Рок-н-роллын хаан Элвис Прэслигийн охин дуучин Лиза Мари Прэсли зүрхний шигдээс болж эмнэлэгт яаралтай хүргэгджээ. Түүний ээж Приссилла Прэсли энэ тухай “миний хайртай охин Лиза Мари эмнэлэгт хүргэгдсэн учир хамгийн сайн эмчилгээ үйлчилгээг авч байгаа. Түүнийг болон гэр бүлийн минь төлөө залбирахыг хүсье” гэжээ.
Энэ жил 54 настай Лиза Калифорнийн Калабасас дахь гэрээсээ эмнэлэг рүү хүргэгдсэн байна. Тэрээр лхагва гарагт болсон Алтан Бөмбөрцөг кино наадамд ээжийнхээ хамт оролцохоор Лос Анжелест ирсэн байсан юм.
Лиза Элвис болон Приссилла нарын ганц хүүхэд бөгөөд Теннесси мужийн Мэмфис хотод төржээ. Тэр аавыгаа дуурайж хөгжмийн ертөнцөд хөл тавьж гурван цомог гаргасан байна. Лиза 25 настайдаа аавынхаа 100 сая ам.долларын хөрөнгийг өвлөж авчээ.
Эх сурвалж: The Guardian