Америк жүжигчин бүсгүйтэй гэрлэж, хааны удмын гэр бүлээ орхин Калифорнийд амьдрах болсон Их Британийн ханхүү Харри өөрийн амьдралд тохиолдсон саад бэрхшээлийн талаар өгүүлсэн “Spare” дуртгал номоо хэвлүүлж, худалдаанд гаргасан билээ. Түүний ном худалдаанд гарсан эхний өдрөө Америк, Канад, Их Британи даяар 1,430,000 ширхэг борлогдож хэвлэлийн компанийн дээд амжилтыг эвджээ. Ханхүүгийн номыг “Penguin Random House” компани хэвлэн нийтэлсэн байна.
Мөн “Spare” буюу “Нөөц” нэртэй ном Их Британийн хамгийн хурдан борлуулалттай номоор нэрлэгдээд байна. Их Британид мягмар гарагт 400,000 ширхэг зарагджээ. “Penguin Random House” хэвлэлийн компани урьд өмнө уран зөгнөлт бус баримтат ном зарагдаж эхэлсэн өдрөө ийм олон хувиар борлогдож байгаагүй гэдгийг мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн “Promised Land” ном тус компанийн хэвлэн нийтэлсэн эхний өдрөө хамгийн олон ширхэг борлогдсон баримтат ном байжээ. Уг ном 2020 оны 11 дүгээр сард нээлтээ хийж эхний өдөртөө 887,000 ширхэг зарагдсан байна.
Сассексын гүн Харригийн бичсэн номд дурдагдсан зарим зүйлс ил болсны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн анхаарлыг маш ихээр татаж эхэлсэн. Тухайлбал Харри ах Уильямтайгаа зодолдсон, ах дүүс аавыгаа Камиллатай гэрлэхгүй байхыг хүссэн зэрэг нь дуртгал номд орсон нь “Spare” хамгийн их борлуулалттай ном болно гэсэн хүлээлтийг хэдийн үүсгээд байсан юм. Түүнчлэн уг ном Амазонд урьдчилсан захиалгын тоогоор хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж байна.
Эх сурвалж: The Guardian