Балба улсын нийслэл Катманду хотоос аялал жуулчлалын төв Покхара тосгоныг чиглэсэн зорчигч тээврийн нисэх онгоц ням гарагийн өглөө осолджээ. Иети Эйрлайнс нислэгийн компанийн ATR 72 онгоцонд 68 зорчигч, нислэгийн багийн дөрвөн гишүүн байжээ. Аврагчид амь үрэгдсэн 68 хүний цогцсыг олсон ба үлдсэн дөрвөн хүнийг эрж хайх ажил үргэлжилж байна.
Онгоц осолдсон шалтгаан тодорхойгүй байгаа ч Балба улсын сүүлийн 30 гаруй жилийн түүхэнд тохиогоогүй том хэмжээний осол боллоо. Балбын цэрэг, цагдаагийн зуу зуун алба хаагч ослын газарт ажиллаж байгаа бөгөөд аврах хайх ажлыг ням гарагийн шөнө түр завсарлаж даваа гарагийн өглөө дахин эхлүүлжээ.
Тус улсын Засгийн газар даваа гарагийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа. Онгоц ням гарагийн өглөө 10:30 цагт Катмандугаас хөөрсөн ба 10:50 цагт агаарын тээврийн хяналтын төвтэй хамгийн сүүлд холбогдсон байна. Онгоц хоёр долоо хоногийн өмнө нээлтээ хийсэн Покхара олон улсын шинэ нисэх буудлаас ердөө км-ын зайд Сэти Гандаки голын савд хавцал дунд унаж осолджээ.
Зорчигчдын 37 нь эрэгтэй, 25 эмэгтэй, 3 хүүхэд, 3 нярай байжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар осолдсон онгоцонд Австрали, Франц, Аргентин, Ирландын тус бүр нэг, Оросын дөрөв, Энэтхэгийн тав, Өмнөд Солонгосын хоёр иргэн байсан байна. 1992 онд Катмандуг чиглэсэн Пакистаны олон улсын нислэгийн компанийн онгоц осолдож 167 хүн амиа алдсанаас хойш хамгийн их гарз хохирол учруулсан осол болоод байна.
Эх сурвалж: The Guardian, CNN