Тунис улсын нийслэл Тунис хотод Арабын хаврын хувьсгал гарсны 12 жилийн ойг тэмдэглэж мянга мянган иргэн жагсаалд нэгдлээ. Жагсагчид Ерөнхийлөгч Кайс Саидын захиргаадалтын дэглэмийг эсэргүүцэж, огцрохыг шаардсан байна.
Арабын хаврын жагсаал эхэлж байсан Тунис хотын гол замд өнгөрсөн амралтын өдөр туг далбаа барьж, өнөөгийн дэглэмийг нурахыг шаардсан иргэд жагсжээ. Жагсаалыг эмх замбараагүй байдалд хүрэхээс сэргийлж даралтат ус шүршигчийг гудамжинд байрлуулсан байна. Мөн Дотоод хэргийн яамны гадаа цагдаагийн хамгаалалтыг нэмэгдүүлжээ.
Уг жагсаалаас гадна иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн бусад намуудын зохион байгуулсан хэд хэдэн жагсаал өнгөрсөн амралтын өдөр болжээ. Тус улсад өнгөрсөн сард Парламентын сонгуулийн санал хураалт болсон ч санал өгөх эрхтэй иргэдийн ердөө 11 хувь нь оролцсон. Дахин сонгуулийг энэ сарын 29-ний өдөр товлоод байгаа юм.
Улс төрийн нөхцөл байдлаас гадна эдийн засгийн хямрал, инфляц, ажилгүйдэл нэмэгдэж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Хүнсний ногоо, будаа, элсэн чихэр зэрэг гол хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, шатахууны хомсдол ойрын саруудад иргэдийн тэвчээрийг баржээ.
Тунис улсад 2011 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр эхэлсэн иргэдийн эсэргүүцлийн жагсаалаар Ерөнхийлөгч асан Зинь эл Абидин Бэн Алийг огцруулснаар ардчилал нахиалсан гэж үздэг. Уг жагсаал Арабын бусад улс орнуудад тархаж, Арабын хаврыг эхлүүлсэн юм.
Эх сурвалж: Al Jazeera