Цаг үеийн мэдээ

Европын парламент дахин хоёр гишүүний халдашгүй эрхийг хасах тухай мэдэгдлээ. Катаргейтийн авлигын дуулианы хэрэгт холбогдогсдыг Катар болон бусад өөрсдийн улсын талд нааштай шийдвэрүүдийг Европын холбоогоор гаргуулах зорилготой хэд хэдэн улсаас мөнгө авсан гэж буруутгаж байгаа юм.

Брюсселийн мөрдөн байцаагчдын хүсэлтээр Европын парламентын ерөнхийлөгч Роберта Мецола даваа гарагт Страсбург хотод Бельгийн иргэн Марк Тарабелла, мөн баасан гараг хүртэл парламентын Магребтэй (Египетээс баруун тийш орших Африкийн хойд хэсгийн улсууд) харилцах төлөөлөгчдийн тэргүүнээр ажиллаж байсан Италийн иргэн Андреа Коцзолино нарын эсрэг шүүх хурал эхлүүлжээ. Уг бүс нутагт улстөрчдөд авлига өгсөн байх магадлалтай гэгддэг улсуудын нэг Марокко багтаж байгаа юм.

Коцзолино мөн Европын парламентын гишүүдийг тагнаж чагнахын тулд гуравдагч орнууд Pegasus тагнуулын программыг ашигласан хэргийн мөрдөн байцаалтад холбоотой болсон байна.

Евро парламентын гишүүн Бельгийн иргэн Саскиа Брикмонт “Манай зарим гишүүд ямар төрлийн гадаад харилцаатай байсныг одоо мэдэж байгаагаас тэднийг Pegasus тагнуулын программ эсвэл түүний аналогийг шалгах комисст оруулсан нь хачирхалтай санагдаж байна. Мөн мэдээж Мароккотой холбоотой асуудал байгаа, учир нь энэ улсыг Европын холбооны эсрэг, Ерөнхийлөгч Макроны эсрэг, мөн Испанийн Ерөнхий сайдын эсрэг Pegasus программыг ашигласан гэж сэжиглэж байгаа. Тиймээс зарим гишүүдийг тодорхой ашиг сонирхол, ялангуяа Мароккогийн эрх ашгийг хамгаалж байгаад сэжиглэх магадлалтай юм. Үүнд л асуудал байна" хэмээн хэлжээ.

Дараагийн сэжиглэгдэж буй гишүүн Марк Тарабелла өмнө нь Персийн булангийн орнуудтай харилцах төлөөлөгчдийн тэргүүн байжээ. Тэрээр 2020 онд Катарт хийсэн аяллаа тайлагнаагүй бөгөөд зардлыг нь Катар улс нь хариуцсан байна, энэ нь Европын парламентын дүрмийг зөрчсөн үйлдэл болох нь тогтоогдсон байна.

Одоо Хууль зүйн асуудлын хороо энэ асуудлыг хоёрдугаар сарын нэгдсэн хуралдаанаар бүх хууль тогтоогчид санал хураахаас өмнө тус хоёр гишүүнд байр сууриа илэрхийлэх боломжийг олгоно. Халдашгүй эрхийг нь цуцалбал Бельгийн эрх баригчид хоёр сэжигтнийг байцааж, ямар нэгэн ял асуух боломжтой болно. 

Эх сурвалж: Euronews

Таны сурталчилгаа