Олон улсын олимпын хороо (ОУОХ) 2026-2032 онд Европын бүс нутагт болох наадмыг дамжуулах бүх эрхийг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо (EBU) болон Warner Bros, Discovery (WBD)-д шилжүүлжээ. Харин Орос, Беларусь улсууд олимпыг дамжуулах орнуудын жагсаалтад ороогүй байна. Энэ тухай ОУОХ-ны цахим хуудсанд мэдээлсэн байна.
EBU болон WBD нь Милан, Кортина д'Ампеццогийн өвлийн наадам (2026), Лос Анжелесийн зуны наадам (2028), хот нь хараахан сонгогдоогүй байгаа 2030 оны Олимп, Австралийн Брисбений олимпыг (2032) шууд дамжуулах эрхийг авсан. Мөн заасан хугацаанд залуучуудын олимпын бүх тоглолтыг дамжуулах эрхүүд үүнд багтана.
EBU 2026-2032 оны олимпын наадмыг 49 оронд шууд дамжуулах юм.
Өнгөрсөн оны 2-р сард Орос улсыг Eurovision олон улсын дууны тэмцээнд оролцохыг түдгэлзүүлсний дараа Орос улсын телевиз радионууд Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос гарсан тул энэ Орос улсад Олимпын наадмын албан ёсны нэвтрүүлгийг үзүүлэхгүй болжээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ-ын Олимп, Паралимпийн хороо Орос, Беларусын тамирчдыг 2024 онд Парист болох зуны олимпын наадамд Олимпын хорооны далбаан дор оролцохыг зөвшөөрөх саналыг дэмжсэн. Санал болгож буй хязгаарлалт нь тамирчдын Орос, Беларусын харьяаллыг илтгэх аливаа хэрэгсэл, түүний дотор төрийн далбаа, сүлд дуу, хувцас хэрэгслийн өнгө зэргийг хориглох юм.
2022 оны арваннэгдүгээр сарын дундуур Олон улсын паралимпийн хороо Оросын паралимпийн хорооны гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн. Тус хорооны дүрмийн дагуу ОХУ хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаатай холбогдуулан тус байгууллагын ерөнхий чуулганы ээлжит бус хуралдаанаас ийм шийдвэр гаргасан байна. Дараа нь Беларусын тус байгууллагын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.
2022 оны гуравдугаар сарын эхээр Олон улсын паралимпийн хороо Орос, Беларусын тамирчдыг Бээжингийн наадамд оролцохыг зөвшөөрөөгүй. Олон улсын хороо, баг, тамирчид Орос, Беларусьтай өрсөлдөхөөс татгалзсан гэж ОУПХ-ны хэвлэлийн алба мэдээлж байжээ.
Эх сурвалж: Настоящее время