Цаг үеийн мэдээ

Шведийн байгаль орчны төлөө тэмцэгч Грета Тунберг Герман улсад болж буй жагсаалд оролцож байгаад цагдаа нарт баригджээ. Тэрээр Германы баруун нутгийн Люцерат тосгоныг нурааж, нүүрсний уурхайн үйл ажиллагааг тэлэхийг эсэргүүцсэн жагсаалд нэгдсэн байна.

Уг жагсаалд оролцож байгаа хугацаандаа Грета цагдаа нарт түр саатуулагдсан хоёр дахь тохиолдол болж байгаа юм. Тэрээр цагдаагийн хамгаалалтыг эвдэж, нүүрсний уурхайн аюултай хэсэгт ойртсон жагсагчдын дунд байжээ. 

Цагдаа нарын хэлж байгаагаар ойрын өдрүүдэд бороотой байснаас уурхай орчмын хөрсийг зөөлөрсөн нь жагсагчдыг аюултай байдалд оруулсан гэжээ. Тиймээс офицерууд жагсагчдыг аюултай бүсээс гаргахын тулд хөндлөнгөөс оролцож, түр саатуулах зайлшгүй шаардлагатай болсон байна. 

Цагдаагийн ажилтан Гретаг хэн гэдгийг мэдэж байсан ч тэр бол бусадтай л адил иргэн гэдгийг хэлжээ. Грета өнгөрсөн бямба гарагт жагсаалыг удирдаж байсан гол хүн байсан ч ням гарагт түр саатуулагджээ. Энэ удаад саатуулагдсан жагсагчид үдээс хойш гэхэд суллагдана гэдгийг цагдаа нар мэдээлжээ. 

Люцерат тосгоны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Гарцвайлер хүрэн нүүрсний уурхай үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд тосгоныг нураах гэж байна хэмээн мянга мянган иргэн эсэргүүцлийн жагсаалд нэгдээд байгаа юм. Уг уурхайг Европын эрчим хүчний магнат RWE компани эзэмшдэг бөгөөд тосгоныг нураахын өмнө барилга байшин, гудамж талбайг битүүмжилж 1,5 км төмөр хашлага босгожээ. 

Эх сурвалж: CNN 

Таны сурталчилгаа