Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Францын гэлэнмаа Андре мягмар гарагт 118 насандаа таалал төгсжээ. Тэрээр Тулон хотод эцсийн амьсгалаа хураасан бөгөөд хотын дарга Хюберт Фалко өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан уг харамсалтай мэдээг олон нийтэд хүргэсэн байна.
Дэлхийн хамгийн өндөр настай хүн 1904 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Люсил Рэндон нэртэйгээр мэндэлж байжээ. Тэрээр христийн шашны гэлэнмаа байсан тул Андре эгч хэмээн сүмийнхэн авгайлах болсон байна. 2022 оны дөрөвдүгээр сард Геннисийн номд түүнийг дэлхийн хамгийн өндөр настай хүнээр бүртгэсэн юм.
Андре гэлэнмаа болохоосоо өмнө Дэлхийн хоёрдугаар дайны үед хүүхдүүдийг асран халамжилдаг байжээ. Амьдралынхаа 30 жилийг өнчин хүүхдүүд, ахмад настнуудыг асрахад зарцуулжээ. Тэрээр дэлхийн хамгийн өндөр настай хүнээс гадна хамгийн өндөр настай гэлэнмаагаар Геннисийн номд бичигдсэн байдаг юм.
Өнгөрсөн жилийн 118 насны төрсөн өдрөөр нь Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өөрийн гараар бичсэн төрсөн өдрийн мэндчилгээг илгээж байжээ. Макрон Андрегийн амьд сэрүүн цагтаа харсан Франц улсын 18 дахь төрийн тэргүүн ажээ. Мөн амьдралынх нь туршид дэлхийн католик сүм хийдийн тэргүүн пап 10 удаа солигджээ.
Эх сурвалж: CNN