БНХАУ-ын хүн ам 1961 оноос хойш 60 жилийн хугацаанд анх удаа буурсан үзүүлэлтийг харуулжээ. Тус улсын 1,000 хүн ам тутамд 6.77 төрөлт бүртгэгдсэн нь хамгийн бага үзүүлэлт болж байна.
Хятадын хүн ам 2022 онд 1.411 тэрбум тоологдсон нь 2021 оны бүртгэл мэдээллээс 850,000-аар буурсан үзүүлэлт ажээ. Эрх баригчид хүн амын тоог тогтворжуулахаар төрийн хэмжээний бодлого хэрэгжүүлж байгаа ч ойрын жилүүдэд шинээр төрөх хүүхдийн тоо буурсаар байгаа юм.
2021 онд 1,000 хүн тутамд 7.52 шинэ төрөлт бүртгэгдэж байсан бол 2022 онд энэ тоо ч 6.77 болж буурсан гэдгийг Үндэсний статистикийн товчоо мэдээлжээ. Дэлхийн бусад гүрнүүдэд, тухайлбал АНУ-д 1,000 хүн тутамд 11.06, Их Британид 10.08, Энэтхэгт 16.42 шинэ төрөлт бүртгэгдээд байна.
Судлаачдын үзэж байгаагаар хүн амын тоо буурах, насжилт нэмэгдэх зэрэг үзэгдэл Хятадаас гадна Япон, Өмнөд Солонгос зэрэг Азийн бусад орнуудад ч ажиглагдаж байна. Дэлхий даяар коронавируст цар тахал тархсан нь хямралыг улам бүр дордуулсан гэж судлаачид үзжээ.
БНХАУ-д хүн амын хэт өсөлтийг саармагжуулахын тулд 1979 онд нэг айл нэг хүүхэдтэй байх бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг шийдвэрийг зөрчсөн гэр бүлүүдэд торгууль оногдуулах, ажлаас нь халах зэрэг хатуу хариуцлага тооцдог байсан юм. Энэ нь охид эмэгтэйчүүдийг албадан үр хөндүүлэхэд хүргэж, улмаар хүйсийн тэгш бус байдлыг бий болгожээ. Хятадын Засгийн газар 2016 онд нэг хүүхдийн бодлогыг халсан ч өдийг хүртэл үр дүнгээ үзүүлэхгүй байна.
Эх сурвалж: ВВС