Вьетнамын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук албан тушаалаасаа огцрох болсноо зарлалаа. Вьетнамын засгийн газрын тогтолцоонд Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга хамгийн их нөлөөтэй ч ерөнхийлөгч нь бас чухал эрх мэдэлтэй байдаг. Нгуен Суан Фук албан тушаалаасаа огцорсноор Вьетнамын эрх баригч элит дэх хүчний тэнцвэрт байдал өөрчлөгдөж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Ерөнхийлөгч ойрын үед огцрох магадлалтай гэсэн цуурхал сүүлийн хэдэн долоо хоногт гарсан. Нгуен Суан Фукийн үед засгийн газарт ажиллаж байсан хоёр дэд сайд албан тушаалаа орхиж тус сайд нар болон зарим төрийн албан хаагчдад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Вьетнамын Коммунист намд яг одоо хатуу үзэлтнүүдийн талаас авлигын эсрэг кампанит ажил явуулж байна.
Ерөнхийлөгчийг огцруулахын тулд тус улсын Үндэсний ассамблей лхагва гарагт энэ асуудлаар ээлжит бус санал хураалт явуулж батлах шаардлагатай.
Вьетнамын Коммунист намын мэдэгдэлд Нгуен Суан Фукийн удирдлагыг магтан сайшаасан ч түүний удирдлага дор байсан олон албан тушаалтны буруутай үйлдлүүдэд тэр улс төрийн хариуцлага хүлээх ёстойг онцолсон байна. “Нгуен Суан Фук нам, ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээхээ ухамсарлан бүх албан тушаалаасаа огцрох, ажлаасаа чөлөөлөгдөх, тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн” гэж тус намын Төв хорооны мэдэгдлийг иш татсан байна.
Харин өнгөрсөн жилийн намын их хурлаар гурав дахь удаагаа томилогдсон Вьетнамын коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг эрх мэдлээ бататгаж байгаа бололтой. Тэрээр авлигын эсрэг кампанит ажлыг удирдаж, барууны үзэлтэй, бизнесийн холбоотой гэж үздэг өндөр албан тушаалтныг огцруулж байна.
Мөн кампанит ажил ид өрнөж байна. Зөвхөн 2022 онд л гэхэд 539 намын гишүүн авлига авсан, “санаатай үйлдэл гаргасан” хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн, сахилгын шийтгэл хүлээсэн гэж намын эх сурвалж мэдээллээ. Үүнд зөвхөн жирийн албан тушаалтнууд төдийгүй сайд, өндөр албан тушаалтнууд, дипломатууд хамааралтай юм. Цагдаагийн байгууллагад авлигын 453 хэрэг шалгагдсан нь өмнөх оныхоос 1.5 дахин өссөн үзүүлэлт юм.
Эх сурвалж: BBC