Цаг үеийн мэдээ

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх Алексей Арестович огцрох өргөдлөө өгчээ.

Түүний огцрох болсон нь Оросын пуужин Днепр дэх орон сууцны барилгыг оносон нөхцөл байдлын талаар ярихдаа Арестович баталгаагүй мэдээлэл өгсөнтэй холбоотой юм. 1-р сарын 14-ний орой Алексей Арестович Фейгин Live YouTube сувгийн эфирээр Днепр дэх байшингийн нэг хэсгийг устгасан пуужинг Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин буудаж, өндөр байшин дээр унаж, дэлбэрсэн гэж мэдээлжээ. Оросын хэвлэл мэдээллийнхэн энэ яаруу мэдэгдлийг олзуурхан Оросын суртал ухуулгад ашигласан гэж үзэж байна. Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хүртэл Арестовичийн үгийг иш татан Днепр дэх нөхцөл байдлын талаар тайлбар хийжээ.

Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний командлал Арестовичийн үгийг нэн даруй няцааж, Украины зэвсэгт хүчинд Х-22 пуужинг сөнөөх хүчин чадал байхгүй гэж мэдэгджээ. Үүнийг цэргийн шинжээчид баталжээ.

Тиймээс Арестовичийн мэдэгдлийг олон нийтийн сүлжээгээр буруушааж, түүнийг ерөнхийлөгчийн тамгын газрын албан тушаалаас нь албан ёсоор чөлөөлөхийг уриалжээ.

1-р сарын 15-ны үдээс хойш Арестович өөрийн үгсийг нойргүйдэл, мэдээллийг шалгах цаг байхгүйтэй холбон тайлбарлаж телеграм сувагтаа бичжээ. Арестовичийн хэлснээр тэрээр хүлээн авсан мэдээлэлдээ байнга дүн шинжилгээ хийх шаардлагатай болдог, үүний тулд түүнд ийм ажлыг хийж өгдөг ажилчид байдаггүй тухай бичжээ. Арестович өөрийнх нь албан тушаал хэтэрхий даруухан бөгөөд түүний үгэнд тийм их ач холбогдол өгөхөд хэрэггүй гэдгийг онцлон тэмдэглээд Днепр дэх эмгэнэлт явдлын хохирогчдын гэр бүл, найз нөхдөөс хэлсэн үгэндээ дахин уучлалт гуйжээ.

"Би соёлтой үйлдлийн үлгэр жишээ үзүүлэхийг хүсэж байна. Зарчмын алдаа гаргасан бол огцрох явдал юм" гэж Арестович огцрох шийдвэрээ тайлбарлажээ.

Оросууд Днепр рүү пуужингаар дайрсны улмаас 45 хүн амь үрэгдэж, 20 гаруй хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа