Цаг үеийн мэдээ

Одоогоос зургаан жилийн өмнө дэлхийн улс орнуудын хамгийн залуу, эмэгтэй Засгийн газрын тэргүүнээр сонгогдож байсан Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн огцрохоо мэдэгдлээ. Тэрээр 2017 онд 37 настайдаа Шинэ Зеландын Ерөнхий сайдаар сонгогдож байсан юм.

Жасинда жил бүр болдог намын бүлгийн хуралдааны дараа хийсэн хэвлэлийн хурал дээр ирэх хоёрдугаар сарын 7-ны өдөр эрх баригч Хөдөлмөрийн намын даргын үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ. Ирэх өдрүүдэд түүний орыг залгамжлах хүнийг сонгох санал хураалт эхэлнэ.

Шинэ Зеланд улсад аравдугаар сарын 14-ний өдөр Парламентын сонгууль болох бөгөөд Жасинда Ардерн дахин сонгуульд өрсөлдөх эрч хүч хангалттай байхгүй гэж үзсэний улмаас огцрох сонголт хийсэн байна. 

Мөн тэрээр “энэ бол миний гаргасан шийдвэр. Улс орныг удирдах нь хэнээс ч илүү их эрх мэдэлтэй ажил боловч нөгөө талаараа хамгийн том сорилт. Хэрэв эдгээр хүлцэшгүй сорилтуудыг давж гарна гэсэн эрч хүч, нөөц байхгүй бол энэ ажлыг хийх хэрэггүй. Би энэ ажлыг шударгаар үргэлжлүүлэх хангалттай нөөцгүй болсон” хэмээн мэдэгджээ. 

Жасинда 2022 оны сүүлчээр Ерөнхий сайдын ажлыг үргэлжлүүлэн хийх эсэхээ дахин бодолцож үзнэ, магадгүй огцрох товоо мэдэгдэх байх хэмээн хэлж байсан удаатай. Тэрбээр Шинэ Зеланд улсын Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа ээж болсон нь дэлхий дээр Засгийн газрын тэргүүн албандаа байхдаа төрсөн ердөө хоёр дахь тохиолдол болсон юм. Ковид-19 цар тахал, Крайстчөрч сүмийн халдлага, Вайт арлын галт уулын дэлбэрэлт зэрэг томоохон сорилтуудын үед Жасинда улс орноо удирдан чиглүүлсэн билээ.

Эх сурвалж: ВВС, CNN

Таны сурталчилгаа