Цаг үеийн мэдээ

АНУ-ын Калифорни мужийн Монтерей Парк хотод өнгөрсөн бямба гарагийн шөнө буутай этгээд бүжгийн студид халдлага үйлдсэний улмаас хэргийн газарт 5 эмэгтэй, 5 эрэгтэй амиа алдаж, 10 гаруй хүн шархдаж эмнэлэгт хүргэгдээд байна. Уг явдлаас хойш 20-30 минутын дараа ойролцоох Альхамбра хотод бүжгийн төвд буутай этгээд дахин халдлага үйлдэхийг завдсан боловч иргэд түүнийг эсэргүүцэж, улмаар сэжигтэн зугтаажээ.

Эрх баригчид дээрх хоёр явдлыг хоорондоо холбоотой гэж таамаглаж байна. Сэжигтнийг 30-50 орчим настай ази гаралтай эрэгтэй байсан гэж үзжээ. Сэжигтний унаж байсан байж болзошгүй цагаан өнгийн бүрхүүлтэй машиныг цагдаа нар олсон ба жолоочийнх нь суудал дээр нас барсан этгээд байжээ. Одоогоор уг нас барсан этгээд дээрх халдлагыг үйлдсэн сэжигтэн мөн эсэхийг албаныхан тогтоогоогүй байна. Гэвч эх сурвалжууд халдлага үйлдсэн этгээд унаж явсан машиндаа амиа егүүтгэсэн байж болзошгүй хэмээн мэдээлжээ.

Монтерей Парк хот нь ази гаралтай иргэдийн оршин суусан Америкийн анхдагч хотуудын нэг бөгөөд Тайвань, Хятад, Япон, Вьетнамаас ирсэн цагаачид түгээмэл оршин суужээ. Ням гарагт тус хотын ази гаралтай оршин суугчид цагаан сарын баяраа тэмдэглэх гэж байсан боловч өмнөх шөнө аймшигтай халдлага гарсан тул баярыг цуцалсан байна. Уг халдлагын дараа АНУ-ын бусад газруудад тэмдэглэж буй цагаан сарын баярын үеэр харуул хамгаалалтыг чангатгажээ. 

Эх сурвалж: ВВС, The Guardian

Таны сурталчилгаа