Монголчууд морьтойгоо феодализмаас капитализмыг алгасан социализмд харайн орох гэж байсан удаатай. Харин энэ удаа феодализм руу буцан харайлгахыг завдлаа. Намбар ван тэргүүтэй нам, төрийг хослон баригч асан шар хар феодалууд Үндсэн хууль өөрчлөх хувьсгалын далбаан дор өөрсдийн хувийн эрх ашгийг нам нийлэн, сэм шургуулж, төрийн хойморт мөнхөд залрахыг хүссэн нь илчлэгдэв. Экс Ерөнхийлөгч, экс Ерөнхий сайд, экс УИХ-ын дарга, экс бүхэн өөрөө хүсвэл шавар бурхан шиг мөнхөд сууж, ард түмний саналаар бүрддэг парламентыг өвөө нарын клуб, тэтгэврийн хөгшчүүлийн буу халдаг, сургаал айлддаг улаан булан болгох санаархал юм.
Уг нь экс бол экс юм. Экс нөхөр одоогийн нөхөртэй, экс эхнэр одоогийн эхнэртэй хамт амьдарвал юу болох вэ? Экс Еөк Н.Энхбаяр Та нар намайг битгий бодооч, Ерөнхий сайд байсан Содном гуайг бод гэж хэлсэн ч хүмүүс ч өөрийг нь, өөрөө ч өөрийгөө л бодоод байсан байна. Баяр яагаад болдоггүй юм, Элбэгдорж яагаад болдоггүй юм гэж хэлсэн ч нөгөөдүүл нь сонгогдохгүйгээр сонгогдохыг хүсэхгүй байгаагаа жиргэцгээлээ. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяраас өөрөөс нь өөр нэг ч хүн төрийн хойморт мөнхөрч, түмний эгдүүг хүргэн, зай болохгүй лай болохыг хүсэхгүй байна. Монгол бол ард түмний зөвшөөрөл эцсийн дээд шийдвэр байдаг ардчилсан орон.
Угсаа залгах ёс сэргэвэл Ерөнхийлөгчийн охин төрийн гэг, УИХ-ын даргын хүргэн тавнан спикер, Ерөнхий сайдын эхнэр засаг хатан, сумын дарга отго жинстэй, олон эхнэртэй болоход хүрнэ.