Улсын дээд шүүх “Ардчилсан намын даргаар Д.Ганбатыг бүртгүүлэх тухай” С.Эрдэнэ /итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд/-ийн өргөдлийг дараах үндэслэлээр хангахаас татгалзав.
Хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудаас үзвэл Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнэ 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/06 дугаар тушаалаар “намын даргыг сонгох сунгаа”-г зарласан нь тус намын Үндсэн дүрмийн 5.17.4-т нийцээгүй, тус намын даргын бүрэн эрхэд хамаарахгүй асуудал байна.
Түүнчлэн ирүүлсэн баримтууд нь дараах байдлаар шаардлага хангаагүй гэж үзэв.
-“Үндэсний бодлогын хорооны 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор намын ээлжит бус XVI Их хурлыг товлон зарлаж, хэлэлцэх асуудлыг тогтоосон” гэх боловч Үндэсний бодлогын хорооны уг хуралд оролцсон гишүүдийн нэрс тодорхойгүй, уг гишүүд нь хуралдаанд ямар хэлбэрээр оролцсоныг баталгаажуулсан баримтыг ирүүлээгүй байх тул Үндсэн дүрмийн 5.12.2-т заасан “... Их хурлын ээлжит, ээлжит бус хуралдааныг Үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн ердийн олонх /50-аас дээш хувь/-ын саналаар ... хуралдуулна” гэснийг хангаагүй;
-Дотоод сонгуулийн хорооны хуралдааны ирц, гарсан шийдвэрийн хүчин төгөлдөр байдал тодорхойгүй /ирцийн бүртгэл, хуралдааны тэмдэглэл байхгүй/ нь Үндсэн дүрмийн 5.22.5.10-д “...хуралдааны тэмдэглэл...” хөтлөх, 5.22.5.12-д “...10-аас дээш гишүүний ирцтэйгээр эхэлж, ердийн олонхын саналаар шийдвэрээ гаргана” гэснийг хангаагүй;
-Цахим сонгуульд “... 79489 гишүүн санал өгсөн” гэх боловч гишүүдийн нэрс байхгүй, сонгуульд оролцсоныг нь баталгаажуулсан баримтгүй;
-Ардчилсан намын ээлжит бус XVI их хуралд оролцсон төлөөлөгчдийн ирцийн бүртгэл гэх баримтад танхимаар оролцсон гэх гишүүдийн гарын үсэг байхгүй, цахимаар хийсэн хурлын явцыг баталгаажуулсан баримт байхгүй нь Үндсэн дүрмийн 4.3.5.1-д “...ердийн олонх”-оор ирц бүрдэх, 4.4-т “... шийдвэр нь ердийн олохын саналаар хүчин төгөлдөр болно” гэснийг хангаагүй гэж үзлээ.