Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулж байгаа. 

Эрт илрүүлэг үзлэгт энэ сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд 852,834 хүн хамрагдсан нь нийт хүн амын 25.7 хувь бөгөөд насны ангиллаар авч үзвэл 0-5 насны хүүхдийн 34.4 хувь, 6-17 насны хүүхдийн 52.4 хувь, 18-30 насны залуучуудын 11.4 хувь, 31-45 насны хүн амын 12.4 хувь, 46-60 насны 17.2 хувь, 61-ээс дээш насны хүн амын 20.8 хувь хамрагджээ. Эндээс харахад 18-45 насныхны хамрагдалт бусад насныхнаас бага байна. 

Улсын хэмжээнд эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсээс давхардсан тоогоор өвчлөлийн 636,360 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 48.3 хувь нь хоол боловсруулах, 11.2 хувь нь амьсгалын тогтолцооны,  10.6 хувь нь зүрх судасны, 8.4 хувь нь шээс бэлгийн тогтолцооны, 8.0 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 86.5 хувийг эзэлж байна.

Түүнчлэн 0-17 насны хүүхдийн өвчлөлийн 238,184 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 61.5 хувь нь шүд цоорох, 2.4 хувь нь шүдний гажиг, 1.1 хувь нь хараа муудах өвчлөл эзэлж байгаа нь эрт илрүүлгийн дүнгээс харагдаж байна. Хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн шүд цоорох өвчний 121,602 тохиолдол буюу 83.0 хувийг 6-17 насны хүүхэд  эзэлж байна. 

Таны сурталчилгаа