Цаг үеийн мэдээ

Монголчууд шинэ жил эхлэхэд тэр жилдээ аз хийморьтой, ажил үйлс өөдрөг байхыг бэлгэдэж, хаврын эхэн сарын шинийн нэгэнд ирж буй жилийнхээ заслыг хийж, өөр өөрийн сайн зүг рүүгээ гарч, сайн зүгээсээ ирдэг уламжлалтай билээ. Ингэхдээ шинийн нэгний өглөө эрт нар мандахын сацуу өөр өөрийн цог хийморийн зүгт чиглэн гарч, буян хишгийн зүгээс ирдэг заншилтай. Үүнийг “Мөр гаргах” хэмээн нэрийддэг билээ. Шинийн нэгний өглөө зүг мөр гаргана гэдэг нь тухайн жилийнхээ цээрийг гаргасан гэсэн үг аж.

Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлагагүй гэж үздэг. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг ажээ.

Зүг гаргагч нь хийморийнхоо зүгт яваад нар зөв тойрон анхны цэг дээр буцаж ирдэг. Энэ замд тань  таагүй зүйл байгаа эсэхийг урьдчилаад харахыг зөвлөж байна.

Мөн зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг. Бурхны шашин дэлгэрснээс хойш дом заслыг хийх  тарнийн арга буй болжээ. Бас суудлын махбодоос хамааруулж хийх тэр махбодын засал нь галд суугсад гал гаргадаг, модонд суугсад мод хугалж хөдөлгөдөг, төмөрт суугсад төмрийн үртэс хаядаг, усанд суугсад ус, цасны дээгүүр алхан гардаг, харин шороо, огторгуй, уул, хий хэмээх дөрвөн зовхисын хөлөлд суугсад чулуу, шороо хөдөлгөж, салхинд цаас хийсгэх зэргээр заслаа хийдэг байна.

Таны сурталчилгаа