Цаг үеийн мэдээ

Турк, Сирийн бүс нутагт 7.8 болон 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд болсноос хойш гурван долоо хоног орчмын дараа Туркийн эрх баригчид эрэн хайх аврах ажиллагааг дуусгахаа мэдэгдлээ. Энэ сарын 6-ны өдөр удаа дараалан болсон хүчтэй газар хөдлөлтүүдийн улмаас Турк улсад 41,000, Сири улсад 4,000 орчим хүн амь үрэгдээд байна.

Газар хөдлөлтийн голомт бүртгэгдэж, хамгийн их гарз хохирол амссан Туркийн Кахраманмарас болон Хатай мужуудад эрэн хайх аврах ажиллагааг дуусгалгүй үргэлжлүүлж байна. Эдгээр мужуудад газар хөдлөлтийн үеэр нурсан 40 орчим барилгын нурангийг цэвэрлэх, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Гэхдээ нуранги доор амьд хүн үлдсэн гэх итгэл найдвар бараг тасарсан. 

Тиймээс амь үрэгдсэн хүмүүсийн тоо цаашид нэмэгдэнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс анхаарууллаа. Туркийн газар хөдлөлтөд өртсөн бүс нутагт 350,000 орчим орон сууцны барилга нурсан ба олон хүн сураггүй хэвээр байгаа юм. Турк ч гэлтгүй Сирид ч мөн адил бүртгэлд ороогүй олон хүн байгаа гэж эх сурвалжууд мэдээлжээ. 

Энэ хооронд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Турк улсад айлчлаад байна. Тэрээр Вашингтон Туркт 100 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлж буйг мэдэгдлээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа