Цаг үеийн мэдээ

Бурхан шүтээндээ тахил өргөх ёс 

Тахил бол Лам гурван эрдэнэд өдөр бүр өргөдөг өргөлийн нэгэн зүйл юм. Тахилыг тавихдаа өөрийн зүүн гар талаас баруун тийш тавьдаг. Хураахдаа өөрийн баруун гар талаас эхэлж тахилаа хураадаг. Тахилд юуг өргөх нь хязгааргүй ч ихэвчлэн харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх буюу идээ, үнэртэн, зул, хүж, цэцэг, өлмий сэрүүцүүлэх ус, рашаанаар таван мэдрэхүйг баясгах зүйл байж болно. Мөн усан тахил өргөнө. Энэ нь 7-8 ширхэг байна. 

Бурхан шүтээндээ тахил өргөхдөө башир хуурмаг аргаар олсон зүйл байж болохгүй. Тахилын цөгц болбоос алт мөнгө зэс гууль зэрэг эрдэнийн зүйл байвал сайн болоод үргэлж дүүрэн, дэлгэр харагдах ёстой. Том боловч дүүрээгүй аягаар тахил тавьснаас жижиг боловч овоолоостой аягаар тахил тавьсан нь зохистой. Тахилыг өргөхийн өмнө бурхан шүтээнийхээ тоосыг цэвэрлэнэ.

Тахил өргөхийн бодол: 

Өргөл барих үедээ “Ум аа хум” хэмээн уншиж байна. Мөн зул, хүж, арцаа өргөж байх үедээ энэ уншлагыг уншдаг. Энэ уншлага нь алгасрах сэтгэл буяны үйлд тань саад тотгор учруулах, тахилыг бохирдуулахаас хамгаална. Хамаг амьтны тусын тулд тэднийг үтэр түргэн гэгээрэлд хүрээсэй гэсэн ерөөл тавин өргөнө. Дараа нь гурван удаа мөргөл үйлдэнэ.

Тахилын цээрлэх ёс:

Хоосон аягыг дээш нь харуулан шүтээний ширээнд тавих нь юу ч өргөхгүй байна гэсэн цээрлэл болно.

Тахил өргөхийн ач тус

1. Их хааны гэрт төрнө

2. Бие бялдар төгс

3. Аугаа их зарц нөхөдтэй

4. Аугаа ихээр тахигдах ба хүндлэгдэнэ

5. Эд эрдэнээр элбэг

6. Өндөр боловсролтой

7. Туйлын их сүжигтэй

8. Туйлын сэрэмжтэй

9. Аугаа их билгүүнтэй

10. Аугаа их шинжлэл төгөлдөр хэмээн номложээ.

Тахил өргөх нь хармын сэтгэлийг дарахын ерөндөг болой.

Таны сурталчилгаа