Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Нам(МАН)-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан Нам(АН)-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг хоёрдугаар сарын 20-нд хүлээн авч уулзан амжилт хүсжээ.

Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар оролцож улс төр, эдийн засаг, парламентын засаглалыг хэрхэн бэхжүүлэх талаар санал солилцсон байна.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд "Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол, ХҮН-ын Монгол гэж байхгүй. Нэг л Монгол Улс бий. Тиймээс улс орноо гэр гэж зүйрлэвэл тооно тулж байгаа хоёр баганын нэг болох Ардчилсан намын удирдлагын маргаан шийдэгдлээ.

Өнгөрсөн 30 жилийн улс төр, эдийн засгийн алдаа оноог МАН, АН хамтдаа эргэн дүгнэж, алдаа, оноогоо засаад урагшлах ёстой. Цаашид Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, тогтолцооны гажуудлыг засахад чиглэсэн Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж байгаа.

Үүнд улс төрийн намууд, иргэдийн оролцоо маш чухал үүрэгтэй. Ялангуяа АН-ын дарга эдгээр асуудалд санаачилгатай ажиллана гэдэгт итгэж байна" гэлээ.  

Өнгөрсөн 30 жилийг дүгнэж, тогтолцооны өөрчлөлт, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох, сонгодог парламентыг бэхжүүлэх, сонгуулийн холимог системийг нэвтрүүлэх, баялгийн тэгш бус хуваарилалтыг халахын төлөө, авлигын эсрэг, төрийн өмчийн хулгайн эсрэг томоохон тэмцлийг эхлүүлэн ажиллаж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж буйгаа АН-ын дарга Л.Гантөмөр илэрхийлэв.

Сөрөг хүчний хувьд сайныг дэмжиж, саарыг шүүмжилж ажиллахаас гадна олон жил ужгирсан тогтолцооны өөрчлөлтийг хийж, нийгмийн салбар бүрийн төлөөллийг парламентад оруулж ирэхийн төлөө улс төрийн намууд гүүр нь болж ажиллах ёстой. Тиймээс АН-ын зүгээс ардчилсан парламентыг бэхжүүлэх, улс төрийн намуудын төлөвшлийг бүрдүүлэхэд МАН-тай санал нэг буйгаа илэрхийллээ гэж Засгийн Газрын Хэвлэл мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Газраас мэдээлэв.

Таны сурталчилгаа