“Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнийн тус арга хэмжээнд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Шилэн нам” эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн улс төрийн намуудын удирдлагууд, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөгчид Та бүхэнд баярлалаа.
Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, системийн авлигатай тэмцэх “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна.
Уул уурхай тэр дундаа нүүрс, зэс дагасан далд эдийн засгийг ил болгож, төрийн бүх шатанд үүрлэсэн авлигын гинжин хэлхээг тасалж, шимэгчдийг шүүрдэн цэвэрлэхэд хамгийн чухал нь улс төрийн намуудын санхүүжилт, нам дагасан цүнх баригчдын томилгооны асуудал, мөнгөнөөс хэт хамааралтай сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай Монголчууд Та бид хамтдаа нүүр тулж байна.
Авлигын хөрсөнд ургасан хогийн ургамлыг таслах ажлыг Засгийн газар эхний “4 Ш” буюу шүгэл үлээх, шүүр, шувуу, шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд олон нийтийн дэмжлэгтэйгээр далайцтай шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна.
Авлигын гэмт хэргийн талаар шүгэл үлээгчийн тухай хуулийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулна. Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд болон улс төрд нөлөө бүхий этгээдүүд, тэдний гэр бүлийн гишүүдийг төрийн удирдах албан тушаалд томилох, төрөөс санхүүжих тендер, зээл, тэтгэлэгт хамрагдахыг хориглосон хуулийн төслийг мөн энэ хаврын чуулганаар өргөн барьж батлуулна.
“Шувуу” ажиллагааны хүрээнд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх явцдаа хилийн чанадад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийг зарлаж, иргэний гадаад пасспортын үйлчлэх хугацааг цуцалж, хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж, шаардлага тохиолдолд Улсын Их Хуралд оруулна.
Харин өнөөдрийн “Шилэн нам” хэлэлцүүлэг нь авлига ургаж буй хөрсийг орвонгоор нь өөрчлөх реформын эхлэл гэдгээрээ хамгийн чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Ерөнхий сайд, эрх баригч намын даргын хувьд Эх орончдын өдөр бол тэмдэглэлт баяр гэхээс илүүтэйгээр, нийгэмд тулгамдаж буй системийн авлигыг нам харгалзахгүйгээр тэмцэх эх оронч үзэл санааны нэгдэл хэмээн үзэж байна.
Бид сайхан ярьж, бие биедээ мэндчилгээ дэвшүүлж, цэцэг өргөсөөр удлаа. Одоо үнэнээ ярилцаж, цаг алдалгүй бодит шийдэл гаргах нь Монголын ирээдүйд илүү тустай билээ.
Өнөөдөр би товч байдлаар тодорхой хоёр асуудлыг энэхүү хэлэлцүүлгийн эхэнд дурдъя.
Нэг. Сонгуулийн тогтолцоо
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжин, тойргийн эрх ашиг, нутгийн томилгоо, хатуу гишүүнчлэл, мөнгөний сүлжээний чөтгөрийн тойргоос гарч, тогтвортой хөгжлийн, олон намын дуу хоолой бүхий иргэдийн төлөөлөх эрхийг хангах парламентын чадавхийг бэхжүүлэх, нийгмийн сегмент бүрийн дуу хоолойг дэмжсэн тогтолцооны шинэчлэл хийхэд эрх баригч нам бэлэн байна. Гагцхүү улс төрийн намуудын удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагууд, олон нийт ойлгон дэмжиж, намын жагсаалтын ард авлигачид, нэр хүндгүй улс төрчид халхавчлан орж ирэх боломжийг таслан зогсоох эрхзүйн орчныг Та бид сонгодог парламент бүхий бусад улс орнуудын сайн жишигт тулгуурлан хамтдаа бүрдүүлэх учиртай.
Нэг нам давамгайлсан үед сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагагүй гэж үзвэл Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд энэ асуудлыг авч үзэхэд бидний зүгээс татгалзах зүйлгүй.
Хоёр. Улс төрийн намын тухай хууль ба санхүүжилт
Улс төрийн намын тухай хууль хэт ерөнхий, билэгдлийн байна. Улс төрийн намуудын үзэл баримтлал ялгагдахаа больж, хоосон популист амлалт газар авч, хөгжлийн төслүүд гацаж, урт хугацааны бодлого, засаглалын нэн тогтворгүй 30 жил болж өнгөрлөө.
Сонгуулийн санхүүжилт уул уурхайн болон банкны хэдхэн эздээс хамааралтай болж, сонгуулийн дараа өгсөн хандиваа хэд дахин өсгөн системийн авлига бүрдүүлснээс болж, улс төрийн намууд, түүгээр бүрдсэн төр засаг, шүүхийн байгууллага тэдний мэдэлд шилжиж, Төрийн ордон хэдхэн хүний дохиураар нууцаар хөдөлж, ард иргэдэд арслан бар мэт, авлигач эздэдээ сүү долоосон гөлөг мэт царайлдаг, хууль биш хувь хүн засагласан он жилүүд өнгөрсөн гэхэд хилсдэхгүй биз ээ.
Энэ нь Эрдэнэтийн 49 хувь, Оюу Толгойн Дубайн гэрээ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг үйлдлүүдээс нэгэнт ил болж, асуудлыг хэлбэрийн биш агуулгын түвшинд, тогтолцооны түвшинд авч үзэхээс аргагүй боллоо.
Бид одоо л энэ асуудлыг шийдэхгүй бол эдийн засаг томрох тусам системийн авлигын гажуудал ардчилсан Монгол төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан эрх чөлөөг худалдан авах, эс бөгөөс бусдад худалдах эрсдэл үүсгэнэ.
Тиймээс хамгийн бага зардлаар, бодлого уралдуулдаг нээлттэй мэтгэлцээнд тулгуурласан сонгуулийн эрхзүйн орчныг бүрдүүлж, улс төрийн нам болон нэр дэвшигчийг нууцаар санхүүжүүлсэн далд тогтолцооны хариуцлагыг чангатгах боломжтой гэж үзэж байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Эх оронч байна гэдэг нийтийн эрх ашгийн төлөө авилгаас ангид байхаас л эхлэх билээ.
Өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, КОЙКА, Транспарэнси Интернэшнл Монгол байгууллагуудын хамт олонд гүн талархал илэрхийлье.
Авлигын эсрэг парламентын бүлэг буюу МОНПАК-ыг миний бие ахалж байхдаа “Шилэн нам” хэлэлцүүлгийг хоёр ч удаа зохион байгуулж, улс орнуудын шилдэг туршлага, эрхзүйн орчны шинжилгээг Та бүхэнтэй хамт хийж байсан.
Өнөөдөр гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Та бүхний оюунаа уралдуулж, олон жил ярьсан асуудлыг бодит ажил хэрэг болгохын тулд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Монгол Улсад улс төрийн намууд “шилэн” болж, сонгуулийн санхүүжилт “ил тод” болж чадвал Монгол Улсын ирээдүй илүү гэрэл гэгээтэй болж, системийн авлига тасрах хөрс суурь бүрдэж, ил тод чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээлийн эдийн засаг тэлнэ.
Цар тахлын үед -4.7 хувь агшсан Монгол Улсын эдийн засаг 2022 оны төгсгөлд 4.8 хувийн өсөлттэй гарлаа.
Цаашид уул уурхайн далд эдийн засгийг ил болгож, системийн авилгын гинжин хэлхээг тасалж чадвал эдийн засаг, хөрөнгө оруулалт идэвхижиж ирэх 2-3 жилд эдийн засаг багадаа хоёр дахин тэлж, 40 их наядын эдийн засаг 60-80 их наядын эргэлттэй болно гэдэг тооцооллыг Засгийн газар гаргаад байна.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлье.
Эрдэм шинжилгээний хуралд амжилт хүсье!