Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрээр: "Монгол Улсын дээд шүүхээс өчигдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан мэдэгдэлтэй танилцлаа.

Улсын дээд шүүх дахин нэг удаа хууль зөрчиж, яаран сандран мэдэгдэл гаргасан байна.

Улсын дээд шүүхээс улс төрийн намын бүртгэл хөтлөх эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг нь үндэслэлгүй гэж үзэж бид холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн.

Гэтэл Улсын дээд шүүх дээрх мэдэгдлийг гаргаснаараа Захиргааны хэргийн шүүхэд гаргасан бидний нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хуулийн хүрээнд шийдвэрлэхэд нь саад болох, захиргааны хэргийг шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн увайгүй оролдлого бөгөөд энэ нь зохион байгуулалттай үйл ажиллагаа боллоо гэж дүгнэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-т “..Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана...”, Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж тус тус заасан байдаг.

Мөн Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “-Бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно.” гэж тодорхой заасан байгаа.

Тэгвэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгчийн шүүн таслах ажиллагааны нэг төрөл мөн бөгөөд түүнд хэн нэгэн хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх ёсгүй юм.

Ардчилсан намаас Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 10 дугаар тогтоол нь хууль, дүрмийн бус, үндэслэлгүй шийдвэр болсон, энэ асуудлаар холбогдох хууль, хяналт, шүүхийн байгууллагуудад хандаж байгаа талаараа мэдээлэл хийсэн.

Гэтэл Улсын дээд шүүх биднийг олон нийтэд үндэслэлгүй, худал мэдээлэл хийсэн, түүнчлэн Улсын дээд шүүх болон шүүгчдийн албаны нэр хүндэд илэрхий халдсан үйл ажиллагааг удаа дараа явуулсан мэтээр мэдэгдэлдээ дурьдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Бүр ноцтой ч байж болохуйц мэдэгдлийг гаргасан байна. 

Тухайлбал:

- Тус намын ҮБХ-ны гишүүдийн эрх зүйн чадамж, ирцийн хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, манай намын Үндсэн дүрмийн заалтыг илтэд зөрчин 304 гишүүнтэй байхаар зохицуулалттай байхад 389 гишүүнээс хүчин төгөлдөр ирцийн байдлыг тооцно гэж шууд намын дотоод асуудалд халдсан дүгнэлт хийснийгээ“...Улсын дээд шүүх улс төрийн намын дотоод асуудалд оролцож байгаа хэрэг биш бөгөөд харин ч Ардчилсан намын дотоод маргаанаас үүдэн түүний үндсэн бүтцийн байгууллага болох ҮБХ-ны эрх зүйн чадамж нь бүрэн үгүйсгэгдэх үр дагавраас хамгаалсан, үндсэн бүтцийн байгууллагаараа дамжуулан дотооддоо маргаанаа шийдвэрлэх боломжийг олгосон  агуулгатай болно...” гэж тайлбарласан байна.

Гэтэл энэ нь бүр эсрэгээрээ Ардчилсан намын хууль, дүрмийн хүрээнд байгуулагдсан ҮБХ-ны эрх зүйн чадамжийг шүүх өөрөө бүрэн үгүйсгэсэн, үндсэн бүтцийн байгууллагаараа дамжуулан дотооддоо маргаанаа шийдвэрлэх боломжийг хаасан сөрөг үр дагавартай захиргааны акт гаргасан. 

Нөгөөтэйгүүр журам, дүрэм, хуулиа зөрчин байж намын дотоод асуудлыг удаа дараа хууль бусаар, шааардлага хангахгүй баримтын хүрээнд хүлээн авч, шийдвэрлэж байсан үйлдлээ “...Нийтэд илэрхий байгаа Ардчилсан намын “дотоод маргаантай” байдлыг харгалзан үзэж, аль ч талын эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс “улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь ирүүлээгүй” аль аль талд тэгш хандаж, Улсын дээд шүүх талуудын ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж ирсэн...” гэж тайлбарлажээ.

Улсын дээд шүүх бүр эхнээсээ л хууль, дүрэм, журмаа зөрчиж байсан, зөрчсөөр ч байгаагаа “...аль ч талын эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд...” гэж тайлбарлаж байгаагаараа өөрсдийн хууль бус үйлдлээ илчилсэн хэрэг боллоо.

Харин шүүгчдийг олноороо гэмт хэрэгт холбогдсон талаарх баримттай мэдээллийг Засгийн газрын гишүүн асан Ц.Оюунгэрэл олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлсэн.

Нэгэнт мэдээллийн эх сурвалж нь олон нийтэд ил тодорхой тул түүнийг нь дамжуулсан үйлдлийг худал мэдээлэл тараах үйл ажиллагаа гэж шүүх үндэслэлгүй гүтгэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр Ц.Оюунгэрэлийн дээрх мэдээллийг ганц С.Эрдэнэ бус, шударга ёсыг шаардаж, шүүхийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа олон зуун иргэд ярьж, мэдээлж, мэдээллийг түгээж байгааг иргэд нийтээрээ үзэж, сонсож байгаа.

Энэ нь шүүх засаглалд итгэх иргэдийн итгэлийг үгүй хийх /Улсын дээд шүүхийн мэдэгдэлд дурдсанаар/ бус эсрэгээрээ шүүх засаглал шударга байхыг шаардсан шаардлага төдийгүй, шударга үнэний төлөөх тэмцэл юм.

Түүнчлэн төрийн үйл ажиллагааны эсрэг олон нийтийг турхирсан шинжтэй, явуургүй, хорон үйл ажиллагаа бус төрийн байгууллагын зарим албан тушаалтнуудын шударга бус, хуулиа дээдлэхгүй байгааг илчилсэн, шударга бусыг шүүмжилсэн шүүмжлэл юм.  

Сүүлийн үед шүүх, хуулийн байгууллагын зарим өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн хууль бус үйлдлийн талаар зөвхөн С.Эрдэнэ, ард иргэд яриад байгаа юм биш, төрийн өндөрлөгүүд, УИХ-ын зарим гишүүд, Засгийн газрын сайдууд нь ч ярьж, шүүмжилж байгааг олон нийт мэдэж байгаа.

 Тухайлбал:

-  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны 1 дүгээр сард Засгийн газрын хуралдаан дээр “...шүүхийн тогтолцоонд авлига байгааг олон нийт илчилж болно шүү дээ. ...Шүүхийн ил тод байдлыг олон нийт шаардах эрхтэй. Эн бол шүүхэд нөлөөлөх хэлбэр биш...” гэхчилэн шүүхийн үйл ажиллагааг ил тод шүүмжилж байснаас гадна энэ оны 2 дугаар сарын 19-нд МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн “Онцлох зочин” ярилцлага нэвтрүүлэгт оролцохдоо “...Мөрдөх байгууллагуудын хувьд ажлаа хийгээд өгчихдөг юм билээ. Гол нь шүүхийн томилгоо шударга байсан уу, томилсон хүнийхээ эсрэг шударгаар шийдвэр гаргаж чадах уу?...”, “...Шүүхийн байгууллагад нийт 500 шүүгч байна. 

Үүний тал нь Ц.Элбэгдоржийн томилгоо, тал нь Х.Баттулгын томилгоо юм...” гэж мэдэгдэж байсан.

- Тэгвэл саяхан л Монгол Улсын засгийн газрын гишүүн, хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Ордны 3 давхарт, зарим томоохон компаний захирлуудын арын өрөөнд шүүх хэрэг шийдвэрлэж байгаа нь нууц биш гэж ноцтой мэдэгдэл хийж байсныг Та бүхэн санаж байгаа байх.

- Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг 2021 оны 10 дугаар сард болсон Үндэсний чуулганд илтгэл тавихдаа “Социализмын үеийн шүүхийг тодорхойлдог дээр байгаа даргаас утасдаж хэрэг шийдүүлдэг тогтолцоо амь бөхтэй байгаа...” талаар байр сууриа илэрхийлж байсан.

Энэ мэтчилэн шүүхийн зарим албан тушаалтнуудын хууль зөрчсөн үйлдэл хэрээс хэтэрч байгааг Ардчилсан нам төдийгүй олон нийт шүүмжилж байгаа бөгөөд бид цаашид ч шүүмжилсээр байх болно.

Шүүхийн хууль бус үйл ажиллагааны талаарх мэдээллийг иргэдээс нээлттэй авч, хамтран ажиллана гэдгээ дахин илэрхийлж байна.

Хууль бус үйлдэл хэрээс хэтэрч байгааг бид зөвхөн яриад зогсохгүй, шударга үнэний төлөөх улс төрийн бүхий л арга хэлбэрийг ашиглан тэмцэх болно" гэлээ. 

Таны сурталчилгаа