Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.23) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан дунд болон богино хугацааны хөгжлийн баримт бичгүүдийн хэрэгжилт, гүйцэтгэлийн тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуултаар нэгдсэн хуралдаан үргэлжилэв.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Засгийн газрын тусгай 13 сан бий. Экспортыг дэмжих, импортын бараа, бүтээгдэхүүнийг өрсөлдөхүйц чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс бусад сангуудыг багасгах бодлого байгаа эсэх, төрийн өмчийн компаниудын хяналт тавих иргэдийн оролцоог сайжруулах талаар ямар арга хэмжээ авах вэ, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хэрхэн ажиллаж байгаа талаар асуулаа.
Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын тусгай сангуудад тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг өгч, шалгалт орж цэгцэлсэн. Сангуудын талаар төсвийн гүйцэтгэл орж ирэх үед аудит хийгддэг учраас тодруулж асууж болно. Засгийн газрын санхүүгийн тайланг хэлэлцэх үед, эсвэл төсөв өргөн мэдүүлэх үед эдгээр санд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай эсэх талаар ярилцахад сангийн талаар тодорхой хариулт авах боломжтой.
Төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох чиглэлд ажиллах нь зөв байх гэж бодож байна. Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хариуцлага тооцож, хянаж ажиллаж эхэлсэн гэв.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Дарханы замын бүтээн байгуулалтад 90 мянган тонн цемент орсон. Гэтэл цемент үйлдвэрлэгчдээс 126 мянган тонныг авсан байна. Өөрөөр хэлбэл, 36 мянган тонн цемент хаашаа явсан бэ, хоёрдугаарт, Дарханы арьс ширний үйлдвэрийн бүтээн байгуулалт ямархуу шатанд явж байна вэ, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлд төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангана гэж заасан. Ерөнхий сайд Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллах үеэрээ өвлийн хүлэмж, зоорь шийдвэрлэж өгнө гэсэн. Энэ ажил хэзээ хэрэгжих вэ гэж асуув.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С. Батболд, 90.2 тонн цемент авч ашигласан. Гэвч 126 мянган тонн цементын асуудал өчигдөр ажлын хэсгийн хуралдааны үеэр яригдсан. Бид хянаж, шалгаж байна. Эргээд асуудлыг тодруулья гэв.
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун, Дарханы арьс, ширний цогцолборыг хувийн хэвшлийн компани барьж байгуулж байгаад зогссон. Тус компани Хөгжлийн банкнаас зээл авч хууль бусаар зарцуулсан, мөн туслан гүйцэтгэгч компаниудын дунд маргаан үүссэн зэрэг нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа юм байна. Холбогдох 3 яамны сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна. Ямар ч байсан төр дэд бүтцийг гүйцэтгээд үлдсэн бүтээн байгуулалтыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ гэсэн чиглэлтэй явж байна. Орхон суманд зоорийг улсаас барьж өгөх боломжгүй. Харин Хүнс, хөдөө, аж ахуйн яамнаас зоорь барьж байгуулахад хөнгөлттэй зээл олгож байгаа гэв.
УИХ-ын гишүүн Н.Сарангэрэл, өнгөрсөн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн нэлээн хэдэн төсөл хэрэгжсэн. Тэгэхээр хичнээн хүнийг ажлын байраар хангав, хичнээн хүнийг ядуурлаас гаргасан бэ, гэр хорооллыг дахин төлөвлөлтийн ажил сайн явахгүй байна. Яармагт гэхэд 268 га газрыг чөлөөлсөн. Гэвч иргэд нь орон сууцаа хүлээгээд удаж байна. Энэ ажлыг хэрхэн ургашуулах вэ зэрэг асуултыг асуув.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхэд 28 байршилд 18843 нэгж талбайд газар чөлөөлөлт хийж, 148 мянган айлын орон сууц баригдахаар баталсан юм билээ. Өнөөдрийн байдлаар 18 байршилд 45 төсөл хэрэгжүүлж байна. Инженерийн дэд бүтэц тэр дундаа дулааны асуудал бэрхшээл учирсан учраас цаашдаа орон сууц барих хүнд болсон. Тиймээс эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх шинэ үүсвэрийг бүтээн босгохгүйгээр орон сууц барих боломж хязгаарлагдаж байна гэв.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г. Өнөрбаяр, 2022 онд 111 тэрбум төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 85 мянган иргэн хамрагдаж, 40 орчим мянган иргэний ажлын байр хадгалагдсан. 30 мянган иргэнийг ажилд зуучилсан гэсэн юм. Ийнхүү Засгийн газрын гүйцэтгэлийн хэрэгжилт, тайлантай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын үдээс хойших нэгдсэн хуралдааны дараагийн хэлэлцсэн асуудал бол Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Зам, тээврийн хөгжлийн сайд С. Бямбацогт танилцуулсан.
Тэрбээр, Монгол Улс 1993 оноос эхлэн автотээврийн гадаад харилцааг өргөжүүлэн, өнөөдрийн байдлаар олон улсын 7 гэрээг соёрхон баталж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 12 улстай байгуулан, олон улсын тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулж байна гээд энэхүү ажлын хүрээндНэгдсэн Үндэстний Байгууллагын олон улсын тээвэрлэлтийн гэрээ, хэлэлцээрийн нэг болох Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-т нэгдэхээр “Хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулийн төслийг боловсруулсныг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэх тухай Засгийн газрын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 61 дүгээр тэмдэглэл гарсан.
Монгол Улсын Засгийн газраас хуулийн төслийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Уг хэлэлцээрт нэгдэн орсноор тээврийн хэрэгсэл, түүний эд ангийн үйлдвэрлэл болон ашиглалт, аюулгүй байдлын эрх зүйн орчинг олон улсын жишигт нийцүүлэх, тээврийн хэрэгсэл, түүний эд ангийг олон улсад мөрдөгдөж буй хийцийн, аюулгүй байдлын болон ашиглалтын техникийн дүрмүүдийн дагуу үйлдвэрлэж, улмаар экспортлох боломж үүсэх зэрэг давуу талыг онцолсон юм.
Иймээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасны дагуу “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, шийдвэрлэж өгнө үү гэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцуулав.
Тэрбээр, Уг хуулийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин гадаадаас импортлож байгаа тээврийн хэрэгсэл, хуурамч, дуураймал тоног төхөөрөмж, сэлбэг, стандарт бус тоноглол суурилуулах зэрэг асуудлууд уг хэлэлцээрийг соёрхон баталснаар цэгцрэх, импортоор оруулж ирдэг машины түүх, арлын дугаар нь дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил нэгдсэн системд бүртгэгдэх эсэх тухай болон буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд уг хэлэлцээрийг соёрхон баталснаар Бүгд Найрамдах Солонгос Улсаас манай улс руу тээврийн хэрэгслийг импортлохоос өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тавьдаг шаардлагад нийцсэн эсэхэд хяналт хийдэг, оруулж ирэхгүй байх нөхцөл бүрдэх эсэх талаар ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авсан. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, 70 хувийн саналаар соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн болно гээд тус хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, хуулийн төслийг баталж өгөхийг Та бүхнээс хүсье гэв.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, монголчуудын хамгийн их унаж буй “Приус” маркийн машины янданг сольж, түүнийг БНХАУ-д экспортолсон байна. Машины чухал эд ангийг сольж, экспортлоод шүүлтүүргүй яндан тавиад явж байгааг юу гэж ойлгох вэ, хоёрдугаарт, хар замаар 45 тонноос дээш даацтай машиныг явуулахгүй, шороон замаар явахыг шаарддаг байна. Бүтээн байгуулалтын хүч болсон машиныг ингэж хязгаарлаж болох уу гэж асуулаа.
Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, өнөөдөр Улаанбаатар хотын түгжрэл, утаа асуудал болсон. Нийслэлд явж буй автомашины хэдэн хувь нь бүрэн бүтэн байгаа нь эргэлзээтэй. Тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдал буюу “Приус” маркийн нүүрсэн яндантай асуудал онцгой анхаарал татаж байна. Нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох хуулийн төсөл санаачилсан. Ойрын үед УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар хуурамч сэлбэг болон стандартын бус машин техник хилээр орж ирэхийг хориглох боломжтой болно. Мөн манай улсаас стандартын бус машин, сэлбэг хэрэгсэл гарахгүй байх харилцан хамтын ажиллагааг зөвшөөрч, хамтын ажиллагаа баталгаажиж байгаа хэмээн ойлгож байна.
Даац хэтэрсэн машин автозамаар зорчсноор зам эвдэрч, улмаар осол гарч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байна. Эхний ээлжинд даац хэтрүүлэхгүй байх бодлогыг баримталж байна. Олон улсын хэмжээнд нийт жин 44 тонн, нэг тэнхлэгт 11 тонн гэх стандартыг баримталж байна. Зам тээврийн хөгжлийн яам даац хэтрүүлэхгүй байх талд ажиллана гэв.
Энэ мэтчилэн энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар автотээврийн замын хөгжилд ямар үр ашигтай байх талаар гишүүд асуулт асууж, хариулт авлаа. “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн санал хураалтыг 2023 оны 03 дугаар сарын 24-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Түүний дараа УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их хурлын гишүүний чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд танилцуулна. Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Жамъянгийн Мөнхбат Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн Жамъянгийн Мөнхбатаас ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ гээд Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье гэв. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ш.Адьшаа нар асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулав.
Санал асуултад оролцсон гишүүдийн 59.5 хувийн саналаар Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдлөө.