УИХ-ын 9 гишүүн төрийн ордноос төрийн шоронд шилжин сууж болзошгүй болоод байна. Архангайгаас сонгогдсон Ж.Мөнхбатын хүсэлтийг өөрийнх нь эзгүйд хэлэлцэж дээлийг нь тайллаа. Харин дээлээ тайлахаасаа өмнө Ж.Мөнхбат ээжийгээ эмчлүүлнэ гэж хэлээд Солонгос руу явсан байна. Найр наадам хэсэж, машин тэрэг, байр сууц амлаад бултдаг, өөрийнхөө мөрийтэй тоглож, мөнгө алдаж явсныг мөнгө хожсон юм байна билээ гэж ярихаас сийдэггүй Ж.Мөнхбатыг хэлсэндээ хүрч буцаж ирээд хэрэг түвгээ шударгаар шалгуулна гэдэгт итгэх иргэн бүү хэл эрх мэдэлтэн цөөн байна. Цагтаа шүүрний тухай бичсэн шүлэг нь шуугиан тарьж явсан Э.Мөнхбат ийнхүү УИХ-аас шүүрдүүллээ. Улмаар “Шувуу” хэмээх ажиллагааны хошуунд зуугдан ирэх хүний тоо нэгээр нэмэгдсэн байж болзошгүй байна.
Нүүрсний хэрэгт холбогдсон Т.Аюурсайхан ХНХ-ын сайд болон УИХ-ын гишүүнээсээ татгалзана гэж байсан ч цагтаа тулахаараа давхар дээлийнхээ зөвхөн нэгийг нь тайлж, нөгөөг нь нөмрөөд үлдье гэж чаргууцалдаж эхэлсэн байна. Нүүрсний хулгайд нэрлэгдсэн улс төрчдөөс х Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар тунаж үлдэн, дээлийнх нь товч тайлагдаж байна. Хөгжлийн банкны тонуулаар Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нар дээлээ эгэлдэргэсэн байдалтай болоод байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дуулиант томоохон хэргүүдийг илчлэн, авлигатай тэмцэнэ гэж зарласнаар улстөрчид нам хамаарахгүйгээр дээлээ тайлж, УИХ ийнхүү бүл дутуу 67 уулаа болж мэдэхээр байна. Тоглогчид нь улаан хуудсаар торгуулж, талбайгаас хөөгдсөн, бүрэлдэхүүн дутуу хөлбөмбөгийн багтай төстэй байдалд УИХ, Засгийн газар ч өөрөө ороод байна.