Цаг үеийн мэдээ

Лу.Гантөмөр, УИХ дахь АН-ын бүлэгт АН-ын гишүүд дэмжигчдээс шаардлага хүргүүллээ. 

Шаардлагад: 

Царцаж хөшсөн нийгмийг хонхны дуугаар сэрээж 1990 онд ардчилсан хувьсгалыг хийж төр барьж, засаг удирдаж  Монголын улс  төрийн тулх багана болж явсан Ардчилсан нам хэн нэгний мөнгө олох хэрэгсэл, албан тушаал ахих гишгүүр, ял зэмээс мултрах тор болон хувирч байгаад бухимдан АН-ЫН ЖИРИЙН ГИШҮҮД ДЭМЖИГЧДээс дараах мэдэгдлийг гаргаж байна.

АН 2016 оноос хойш цөөн хэдхэн хүний хүсэл шуналын золиос болж тамга  тэмдэг, гэрчилгээний төлөөх хэрүүлийн хөлд дэвслэгдэн удаа дараагийн сонгуульд гутамшигтайгаар ялагдал хүлээсэн. Харин 2023 оны нэгдүгээр сард Лу.Гантөмөр таныг АН-ын даргаар сонгогдоход жирийн гишүүд дэмжигчид бид талархан хүлээж авч, энэ намд гэрэл гэгээ авчирна хэмээн итгэж найдаж байлаа. Гэвч бид эндүүрчээ. Л.Гантөмөр та АН-ын даргаар томилогдсноосоо хойш намын үйл ажиллагааг сайжруулах талаар ганц ч доривтой ажил хийсэнгүй. Харин энэ намыг мөнгө олох хэрэгсэл хэмээн харж, нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг өмгөөлж хамгаалж УИХ-ын бүрэн эрхийг нь хэвээр авч үлдэх шийдвэрийг УИХ-ын бүлэгтэйгээ нийлж гаргаж байгааг бид эрс эсэргүүцэж байна. 

Манай намын үнэт зүйл, үзэл санааг “Ажнай” гэх тодотголтой Д.Бат-Эрдэнэд мөнгөөр худалдсныг энэ намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ тэргүүтэй олон хүн нотолж, олон нийтийн сүлжээнд бичиж байна. Эрх мэдлээ, үнэт зүйлээ мөнгөөр худалдсан АН-ыг олон нийт элэглэн шоолж, басамжлан доромжилж, жигшин зэвүүцэж байна. Улс орны ирээдүйг, боломжийг хулгайлж өнөөгийн Монголын эдийн засгийг доройтуулан, шударга ёсыг уландаа гишгэлсэн нүүрсний хулгайтай бүх нийтээрээ тэмцэж байхад эрх баригч нам хүртэл гишүүддээ хариуцлага тооцож чадаж байхад Л.Гантөмөр та нүүрсний хулгайчийн хулгайн мөнгөөр намаа худалдан, яллагдагчийг хаацайлсныхаа төлөө уучлалт гуйж, энэ гэм буруутай үйлдлийнхээ хариуцлагыг хүлээн АН-ын даргын албан тушаалаас сайн дураараа татгалзахыг бид шаардаж байна.

Мөн АН-ын нэрээр УИХ-д удаа дараа сонгогдож, сайдын суудалд заларч явсан ч удаа дараа  хулгай, луйвар, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, намынхаа нэр төрийг сэвтүүлсээр ирсэн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгуулах, яллагдагч Д. Бат-Эрдэнийг шалгаж байгаа хууль хяналтын байгууллагын  ажилд ямар нэгэн саад тотгор учруулахгүй байхыг  УИХ дахь АН-ын бүлгээс шаардаж байна. 

Ардчилсан намынхаа төлөө, үзэл санааныхаа төлөө тууштай тэмцэж яваа Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд бид тэмцлийн хурц хэлбэрийг сонгох болно.

АРДЧИЛСАН НАМЫН  ЖИРИЙН ГИШҮҮД ДЭМЖИГЧИД

Таны сурталчилгаа