УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хурал найман цаг гаруй хаалттайгаар хуралдаж дуусч хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил:
УИХ-ын хууль дэгийн тухай хуулийн дагуу халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж, санал гаргалаа. Ерөнхий прокурор болон УИХ-ын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа. УИХ гишүүн Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналыг Халдашгүй байдлын дэд хороо гаргалаа.Гурван гишүүн гэм буруутай гэсэн үг биш. Хууль хяналтын байгууллагыг ажлаа хийх боломжоор хангаж байгаа юм. Гэм буруугүй гэж тогтоогдвол боломжит түргэн хугацаанд УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг сэргээх саналыг оруулж ирэх саналыг УЕП-т хүргүүлж байна. Одоо Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, нууцаар санал хураалт явуулна. Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна гэв. .