Цаг үеийн мэдээ

Ж.Мөнхбат булган сүүлтэй байж, УИХ-аас ахин хоёр гишүүн давхар, дан дээлээ шувтлуулж, дархан эрх ямбагүйгээр нүүрсний хулгайн хэрэгт нүгэл, буянаа шүүлгэхээр болов. Ийнхүү давахгүй гэсэн гурван даваагаар гурван гишүүн давж, УИХ өнөөдрийн байдлаар 73-уулаа болж цөөрлөө. Ажнай Д.Бат-Эрдэнэтэй хамт Өмнөговиос сонгогдсон Н.Наранбаатар цөөн  товчлуурын илүүгээр дээлээ тайлахын даваан дээр буцаж товчилсон байна. Тунаж үлдсэн 73-аас нүүрсний хулгай, Хөгжлийн банкны тонуулд нэр холбогдсон дахиад 6-7 гишүүн алтан хоргой дээлээ нөмгөн хэдрээд хүлээж байна. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудал дэд хороо, Байнгын хороо, нэгдсэн чуулганы хурлаар орж санал хураалт хаалттай хаалганы цаана болсон учир хэн хэрхсэн нь нууц үлдлээ. Мөрдөн байцаалтын нууцыг задалж мэдэх учир хэлэлцүүлэг нь хаалттай, харин санал хураалтыг нь ил тод явуулдаг болох шаардлагатай нь батлагдлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гишүүдээ шахаж шаардаж, нүдээр харж, биеэр хянасны хүчинд гурваас хоёр нь бүрэн эрхгүй, бүдүүн эвэргүйгээр хэрэг түвгээ шалгуулах болсон байна. УИХ жил хүрэхгүйн өмнө Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг нарын гишүүдийг авч үлдэж байсан ч шүүх хурал төд удалгүй болно.   

Ажнай хэмээх Д.Бат-Эрдэнэ дан дээлээ, Т.Аюурсайхан давхар дээлээ тайлж, дархан эрхээ хураалгаснаар мөрдөн шалгах ажил элдэв саадгүй урагшилж, ажил, гэр, байр савыг нь нэгжих зам нээгдэж байна. АН-ын Д.Бат-Эрдэнэ, МАН-ын Т.Аюурсайхан хоёул нүүрс хулгайлах зорилготой гэмт бүлэглэл, товчхон хэлбэл мафи байгуулсан зүйл ангиар шалгагдана. Ажнай ах орон нутгийн жижиг Тавантолгой, Аюур хүү улсын том Тавантолгойн нүүрсний хэрэгт гэм буруутай эсэхээ мөрдүүлэн шалгуулж, дэнслүүлэн шүүлгэх юм. Бүрэн эрх нь түдгэлзсэн Ажнай манлай уяач, хурдан морины хочтой бол Аюур нь зүс ялгаж мэдэхгүй ч хурдан адуу, жүчээ зэрэгт цавчсан мөнгөө оруулдаг юм байна. Т.Аюурсайхан огцом өсөж 1,6 тэрбумд хүрсэн хөрөнгө орлого, хурдан морь дүрсэлсэн шижир алтан баримал, 3 тохилог жүчээ, хаус хотхон, том том газруудыг ямар мөнгөөр авснаа тайлбарлаж чадахгүй, хэл нь ээдэрч, ам нь гацсан байна. “Намайг шоронд хийх аваас үлдсэн амьдралаа МАН-ын хулгайч нарыг илчлэхэд зориулна. Нэг ч дарга үлдэхгүй шүү” гэж Т.Аюурсайхан хэлжээ. Төрийн ордонд загас шиг дуугүй байсан атлаа  төрийн шоронд орох болохоороо илчилнэ, дэлгэнэ гэсэн байна. МАН-ын Шинэчлэлийн хороог толгойлж байсан тэрбээр журамгүй журмын нөхдөөрөө Эрдэнэставантолгойг удирдуулж, гэмт бүлэг байгуулсан хэрэгт унаад байгаа юм. Ажнай Д.Бат-Эрдэнэ орон нутгийн жижиг Тавантолгойн 20 хувийг эзэмшдэг боловч өөртөө 20 гаруй тэрбумын ногдол ашиг илүү хуваарилуулж, бүхэл бүтэн нүүрсний мөргөцөг буюу 300 гаруй мянган тонн нүүрс алга болгосон хэрэгт шалгагдана. 

Таны сурталчилгаа