Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын тамга нь С.Эрдэнийн атгад, гэрчилгээ нь Х.Баттулгын өвөрт, дарга нь Лу.Гантөмөрийн биед байгаа байдалтай байна. Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр С.Эрдэнэ өөрөө биш С.Эрдэнийн гарт байгаа тамга хүчинтэй нь тодорхой боллоо. УДШ-ийн шийдвэрээр Х.Баттулга хүчингүй ч Х.Баттулгад буй гэрчилгээ хүчинтэй. Харин УДШ-ийн бүх гишүүдийн хурлын шийдвэрээр Лу.Гантөмөрийн АН-ын дарга гэдэг нь хүчинтэй ч гарт нь тамга, гэрчилгээ алга. С.Эрдэнэ сошиалд “Тамгагүй төр” жүжгийн нэрийг англиар юу гэж орчуулах вэ гэсэн асуултад АН гэхгүй юу, ккк гэж марзганасан байна. Лу.Гантөмөр намтай боловч тамгагүй, гэрчилгээгүй. С.Эрдэнэ намгүй, гэрчилгээгүй мөртөө тамгатай. Харин Х.Баттулга намгүй, тамгагүй боловч гэрчилгээтэй байна. Дарга, гэрчилгээ, тамга гурав нэг хүн дээр цуглах юм бол АН сая нэг АН болно. АН-ынхан бие биеэ намаасаа хөөж, нам нь бие биеийг нь хөөж байгаа боловч нүүрсний хулгайч нараа бол хөөхгүй юм байна. Нүүрсний хулгайчаа хөөхгүй байгаа намыг ард түмэн зүрх тархинаасаа хөөх нь тодорхой байна. 

Таны сурталчилгаа