Засгийн газрын шүүрний үсэнд Н.Багабанди, Х.Бадамсүрэн, шувууны хошуунд Т.Бадамжунай гэх зэрэг Ба-гаар нэр нь эхэлсэн баахан өвөө нар баартан өртөж, баба бөбө болоод байна. Ерөнхийлөгчийн сэнтийгээс 18 жилийн өмнө буусан, 73 настай Н.Багабанди Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн, сард 25 мянган доллар буюу 87,5 сая , жилд тэрбум төгрөгийн цалинтай. Алтан бүст, живэр сахалт экс Еөк Багабанди нэрээ Smallboy гэж орчуулах хэмжээний англи хэлгүй ч том компанийн толгойд залардаг Bigboy байна. Хүмүүс хэлтэй бол хөлтэй, Н.Багабанди хэлгүй бол хөлтэй. Хаана ашиг орлого, ахиу унаж байна, тэнд Н.Багабанди бий. Богд уулын дархан цаазат бүсийн Залаатын аманд 0,5 га газартай. Багахан газар ч гэлээ Н.Багабанди дутна хаана ч дутахгүй орно, дундуураа дүүргэнэ.
Далан настанд даруулга хэрэгтэй гэдэг үгийг зоогийн даруулга, хоолны зууш болгосон бас нэг Ба-гаар эхэлсэн буурай бол Х.Бадамсүрэн. “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий боссын сэнтийгээс “Эрдэнэс Монгол” ТӨК“-ийн Зэсийн группийн захирлын сандал дээр завилан суусан. Сарын 15,5 сая, жилийн 180 гаруй сая төгрөгийн цалинтай. Багабанди, Бадамсүрэн нарын далан настнууд Хөдөлмөрийн болон Төрийн хэмнэлтийн тухай хуулиудыг тус тус зөрчин их цалинтай, эрх тушаалд сууж байгаа тул шүүрдүүлэн цэвэрлэгдэх магадлал өндөр байна. Ердийн шүүрт хурж овоорсон хуучин том хог тээглээд байгаа бол гудамж талбайг цэвэрлэдэг туужуур гэдэг том шүүр бий. Гаргуулагд багтахгүй бол таар шуудай, тампуу хүүдий хэрэглэх байх. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр бас нэг Ба-гаар эхэлсэн Д.Бадарч гэдэг нэртэй тэтгэвэр авагчийг томилсон. Ууган их сургуулиар дүүрэн байгаа доктор, профессорууд, ид хийж бүтээх насны менежерүүд бүгд гологдож, гол өрсөлдөгч ШУТИС-ийн ректороор насаараа ажилласан тэтгэврийн хүнийг Хөдөлмөрийн хууль зөрчин даван тавьсан байна.
Цар тахлын хууль, бусад хууль тогтоомж зөрчин томилогдож, бусдад зай биш лай болсон 6000-8000 албан тушаалтныг шүүрдэж эхэлсэн, гаргуулан дээр аль хэдийнээ 2000 гаруй нь тавигдчихаад байгааг Шүүр ажиллагааг хариуцаж байгаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдээд байна. Төрийн бөглөөсийг авахад оронд нь арын хаалгагүй, аль нэг намгүй, хэн нэгний арьсан цүнхийг барьдаггүй иргэд ажилтай, цалинтай болох юм.