УАЗ 469-өөр 5 жилийн өмнө хил гарсан 67 настай Т.Бадамжунай Филиппин улсаас шувуунд шүүрүүлсэн анхны олз болон зуугдан ирлээ. Т.Бадамжунай өөрийн хүсэлтээр ирсэн, Т.Бадамжунай том биш жижиг гар гэсэн суртал ухуулга дагаад явагдлаа. Өөрийн хүсэлтээр гарахгүй гэвэл, өөрт нь хүч хэрэглэн гаргадаг олон улсын хууль журмаар эхлээд асуусан учраас арга буюу албадан гаргуулж Монголд очъё гэж хэлсэн юм байна. Бадамжунай эх орондоо айлчилж байна гэж үү? Дур хүслээрээ эх орондоо айлчилж байгаа эрхэм хүн гэмтний ёсоор нэр устай цаас барьж, өмнөөсөө, хажуугаасаа зургаа авхуулж, цагаачлалын албаны хараан дор онгоцонд суух уу? Албадан гаргуулахыг хүссэн болохоос өөрөө харья, гэрийн зүг гэдэн годон гээгүй юм байна. Өөрөө хүссэн хүн 5 жил улс орнууд дамжин усанд хаясан чулуу шиг бүтэн 5 жил бүгж нуугдахгүй нь нь тодорхой.
Т.Бадамжунай бага гар уу, их гар уу? Улаанбаатарын их түгжрэлийн эх үндэс болсон замбараагүй газар олголт, цементийн ширэнгийн Ерөнхий менежер бага гар байх уу? ЖДҮ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан зэргийг атгадаг ХХААХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн асан хүн хилэм, тул биш гэхэд цурхайн дайтай юм. Ж.Мөнхбатыг генсек, Ё.Баатарбилэгийг УИХ-ын гишүүн, Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилуулж, ХХБ-ны сахал Д.Эрдэнэбилэг, генерал, гишүүдийг оффистоо ёслуулж гуйлгуулж явсан хүн. Ажиглагчдын үзэж буйгаар Т.Бадамжунайн асуудал Бадамжунайгаар дуусахгүй, харин эхэлнэ. Бадамжунай бол Ми дарга гэх мэтэд хүрэх түлхүүр. Т.Бадамжунайн дэмжлэгээр улс төрд даам гарсан, нутгийн дүү нар Ж.Мөнхбат нүүрсний, хамаатан садан Ё.Баатарбилэг Хөгжлийн банкны хэрэгт холбогдоод байгаа нь хувь заяаны шоглоом юм.